logo
Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтын талаар мэдээлэл хийв

Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтын талаар мэдээлэл хийв

2016/03/07

Монгол Улсын Их Хурал Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт (АСЕМ)-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны дөрөвдүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны гишүүд, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар өнөөдөр /2016.03.07/ Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй Гадаад хэргийн яаманд уулзаж, уг арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Ази, Европын Дээд түвшний XI уулзалт энэ оны 07 дугаар сард  Улаанбаатар хотноо болох бөгөөд энэхүү дээд хэмжээний уулзалтын хүрээнд хэд хэдэн хурал болно. Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт нь Монгол Улсад зохион байгуулагдах эхний арга хэмжээ бөгөөд Монгол Улсын Их Хурлын даргын 2016 оны хёордугаар сарын 12-ны 28 дугаар тоот захирамжийг үндэслэн энэхүү уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулагдан ажиллаж байгаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулсан юм.

Тэрээр, Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтын албан ёсны урилгыг түнш орнуудын парламентын дээд, доод танхимын дарга нарт Монгол Улсын Их Хурлын дарга илгээсэн гээд одоогийн байдлаар 20 орны 90 гаруй төлөөлөгч энэхүү уулзалтад оролцохоор бүртгүүлээд байна гэлээ. Түүнчлэн энэхүү IX уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд www.asep9.parliament.mn цахим хуудас ажиллаж байгааг дуулгасан юм.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд хандаж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг гадаад харилцаа, улс төрийн агуулга, бэлтгэл зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулахыг чухалчилж байгаа гээд Элчин сайд нарын дэмжлэг, өөрсдийн орны парламентын төлөөлөгчдөө идэвхтэй оролцуулна гэдэгт итгэж буйгаа уулзалтын үеэр онцолсон юм.

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны XI Дээд түвшний уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан юм. АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох аж. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-23-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн  IX уулзалт, тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын XII уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно. Харин долдугаар сард Ази-Европын иргэний XI чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн XV чуулга уулзалт тус тус болох юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш