Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын орон нутгийн томилолт Өмнөговь аймагт үргэлжил байна. Тэрээр өнөөдөр /2016.03.07/ Даланзадгад сумын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.
90 га талбайд инженерийн дэд бүтцийг цогцоор нь байгуулаад буй Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажилтай Улсын Их Хурлын дарга танилцав. Даланзадгад сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ аймгийн төвийн хөгжилд шийдвэрлэх үүрэг бүхий зам, тээврийн болон инженерийн шугам сүлжээ, түүнчлэн ус, дулаан, цахилгаан, холбооны найдвартай эх үүсвэрийг эхний ээлжинд барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх чиглэл баримтлан ажилласны хүрээнд орон нутгийн төсвөөс 21 тэрбум 813 сая төгрөгийг зарцуулжээ.
Үүний үр дүнд Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар 200 хүүхдийн цэцэрлэг, Монголбанк, 128 айлын орон сууц, 44 айлын амины орон сууц зэрэг барилга байгууламж болон 3.1 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулсан байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2009-2021 он хүртэл 3 үе шаттай байхаар тооцож ойрын хугацааг 2009-2012 он, дунд хугацааг 2012-2015 он, төлөвлөлтийн хугацааг 2015-2021 он байхаар тус тус тогтоосон байна.
Нийт 90 га тус бүсэд 2376 өрх, 9138 хүн ам суурьшин амьдрахаар төлөвлөгдснөөс 98.6 хувь нь нийтийн орон сууцанд, 1.4 хувь нь амины орон сууцанд байхаар тооцжээ. Мөн Засаг захиргааны бүс, нийгмийн дэд бүтцийн бүс, ногоон байгууламж амралт зугаалгын бүс, зам талбайг төлөвлөсөн байна. Уул уурхайн жишиг сургууль, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн төв музей, 850 хүний суудалтай театр, усан спорт цогцолбор, 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, автозам, явган хүний зам, зэрэг томоохон барилга байгууламжуудыг мөн барихаар төлөвлөжээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй Аймаг бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөрийг Өмнөговь аймагт хэрэгжүүлэх ажилд оролцож буй “Бандиа” ХХК-ийн барьж буй 138 айлын амины орон сууц барих барилгын угсралтын ажлын явцтай Улсын Их Хурлын дарга танилцлаа. Тус компани Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу ЗДТГ-аас тус хотхон хүртэлх дэд бүтэц цахилгаан, дулаан, цэвэр бохир усны шугам татах ажил болон 7.9 га газар олголтыг шийдвэрлэж өгсөн байна.
Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд байгуулагдаж буй “Баян булаг” хотхоны барилгын ажлыг гүйцэтгэх, амины орон сууцны нэг м2-ийн үнийг 1.150.000 төгрөгт тогтвортой барих үүргийг тус компани хүлээсэн байна. 2015 онд 44 айлын амины орон сууц ашиглалтад орсон бол 2016 онд 20 айлын амины орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Үүний дараа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 93 дугаар тогтоолоор орон нутгийн өмчийн оролцоо 51 хувь, хувийн хэвшлийн оролцоо 49 хувь байхаар тогтоосны дагуу “Мах махан бүтээгдхүүн боловсруулах, хөргөх, хадгалалт” гэсэн үндсэн эрхлэх үйл ажиллагаа, “Таван хошуу мал, сүүний фермийн үйл ажиллагаа”, “Талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, “Гадаад дотоод худалдаа”, “Үр тариа болон бусад ургамал тариалалт” гэсэн туслах үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан “Говийн гурван уул” ХХК-ийн үйл ажиллагаатай Улсын Их Хурлын дарга танилцуулав. Даланзадгад сумын ард иргэдийг шинэ мах, махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор байгуулагдсан байна.
Үйлдвэр байгуулан, нутгийн өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллага зорилтоо биелүүлж хүсч байсан үр дүндээ хүрсэн тул бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах замаар компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Говийн гурван уул” компанийн орон нутгийн өмчийн оролцооны 51 хувийг хувьчлах асуудлыг санал болгосны үндсэн дээр, Төрийн өмчийн хорооны 2014 оны 426 дугаар тогтоолоор тухайн онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад батлагджээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомж дээрх тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 98 дугаар тогтоолоор орон нутгийн өмчийн 51 хувийг хөрөнгө оруулагч талд худалдсан байна. Одоо тус үйлдвэр нь үндсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж орон нутгийн зах зээлд цэвэр ус, махан бүтээгдэхүүн нийлүүлж байгаа төдийгүй “Оюутолгой” ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй ажилладаг байна.
Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс дагалдан ажиллав.