Ази, Европын уулзалт (AСЕM)-ын 20 жилийн ой энэ жил тохиож байна. АСЕМ нь Ази, Европын хоорондын харилцааг өргөжүүлэхэд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж ирсэн билээ. Монгол, Швейцар Улсын хувьд АСЕМ нь түүний гишүүн орнуудтай улс төр болон бусад салбарт санал солилцох чухал индэр болж байна.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэн
Швейцар Улсын Гадаад хэргийн сайд, Холбооны зөвлөх Дидье Буркхалтер
АСЕМ нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази, Европын хооронд гадаад бодлогын асуудлаар яриа хэлцээ явуулах гол талбар болж хөгжсөн бөгөөд Евроазийн ихэр тивд даяаршлын үйл явцыг хамтран бий болгож, түүнийг залан чиглүүлэх боломж бүхий үр өгөөжтэй чуулга уулзалт болжээ. Мөн түүнчлэн АСЕМ-ын хүрээнд зохион байгуулдаг Төр, засгийн тэргүүн нарын болон Ахлах албан тушаалтнуудын хурал, уулзалтууд нь түншлэгч орнуудтай хоёр талын харилцааг бэхжүүлэх, тулгамдсан нийтлэг асуудлаар ахиц дэвшил гаргах ач холбогдол бүхий талбар болдог.
АСЕМ ирээдүйд хааш зорих вэ? АСЕМ албан бус яриа хэлэлцээний чуулга уулзалт хэвээр байх уу, эсвэл Лиссабоноос Токио, Дублинаас Веллингтон хүрсэн эдийн засгийн асар том орон зай болон хувирах уу. АСЕМ-ыг илүү үр дүнтэй, өдөр тутмын ахуй амьдралд эерэгээр нөлөөлөх үр өгөөж бүхий болгоход чиглэсэн шинэ үйл явцын талаарх хэлэлцүүлэг түүний Дээд хэмжээний уулзалт, Сайд нарын уулзалтын хэлэлцэх хэргийн тэргүүлэх жагсаалтад орж байна.
Эдгээр асуудал Улаанбаатар хотноо 2016 оны долоодугаар сарын 15-16-ны өдөр болох АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын гол анхааралд мөн байх болно. АСЕМ өөрийн хөгжлийн 3 дахь 10 жилтэйгээ золгож буй энэ мөчид өнгөрсөн хугацаанд түүний олсон амжилтыг үнэлж дүгнэхийн сацуу ирээдүйг нь тодорхойлох тохиромжтой үе гэж бид үзэж байна.
Олон нийт АСЕМ-ын талаар төдийлөн сайн мэдэхгүй байна. Энэ ч утгаараа ийм хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал ач холбогдолтой юм. АСЕМ-ын 20 жилийн ой нь Ази, Европын улс орнуудын ард нийтэд түүний үйл ажиллагаа, ач холбогдлыг таниулж ойлгуулах боломжийг олгож байна. АСЕМ-аас гадна Дэлхийн худалдааны байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Азийн дэд бүтэц, хөгжлийн банк /Монгол, Швейцар Улс саяхан гишүүнээр элссэн/ зэрэг олон нийт сайн мэдэх, үйл ажиллагааны үр дүн нь шууд мэдрэгддэг олон байгууллага байдаг.
АСЕМ-ын үйл явцыг эдгээр байгууллагын ажиллагаатай давхардуулалгүй, харин ч олон улсын тогтолцооны огтлолцол буюу тэдгээрийн харилцан шүтэлцээ, хэлхээ холбоонд хандуулах нь зүйтэй юм. АСЕМ-ын давуу тал нь Ази, Европ тивийн улс орнуудын хооронд санал нийцсэн асуудлаар тохиролцох, харилцааг бэхжүүлэх, улмаар тулгамдсан асуудлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.
АСЕМ нь худалдаа, эдийн засаг, тогтвортой хөгжил, энх тайван, аюлгүй байдал зэрэг дэлхийн дахины тулгамдсан сорилтуудын талаар Ази, Европ тивийн түншүүдийн хооронд нээлттэй, бүтээлч улс төрийн яриа хэлэлцээг урагшлуулахад чиглэсэн чухал форум юм. Тэрчлэн АСЕМ нь төр, засгийн тэргүүн нарын хоорондын хоёр талын хэлхээ холбоог бэхжүүлснээр олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байна. Өнөөгийн нөхцөлд энэ нь юу юунаас илүү чухал байгаа билээ.
Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын хэм хэмжээ, холбогдох тогтолцоо цаг үеэс хоцрох тохиолдол бишгүй гарч байна. Хэт олон тооны оролцогч байх нь зарим тохиолдолд хамтын шийдэлд хүрэхэд хүндрэл учруулж, дэлхийн засаглалын байгууллагууд шийдэл олоход тэр бүр оролцох боломжгүй байна. Тийм ч учраас АСЕМ мэтийн яриа хэлэлцээний форум маш чухал үүрэгтэй болж байна. Нөгөөтэйгүүр, Ази, Европын иргэдэд үр өгөөжөө өгөх тодорхой төсөл хэрэгжүүлэх, АСЕМ-ын яриа хэлцээний соёлыг бэхжүүлэх зэрэг зарим зүйлийг сайжруулах шаардлагатай байна.
Сайн түншлэл, өргөн харилцаа холбоо, илүү зорилт бүхий хамтын ажиллагааг гишүүн орнуудын хооронд хөгжүүлэх, АСЕМ-ын ажлын арга барилыг сайжруулах зэргээр ирэх 10 жилд АСЕМ-ын үйл явцыг идэвхжүүлэх нь ихээхэн чухал юм.
Монгол, Швейцар улс нь АСЕМ-д нэгдэн орсноос хойш идэвхтэй, шинийг санаачлагч, холбогч гүүр болж чадах гишүүн гэдгээ харуулж байна. Ази, Европын улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэх тухай манай хоёр улсын гадаад бодлогын стратегид АСЕМ чухал байр эзэлдэг. Монгол, Швейцар Улсын хувьд АСЕМ нь төвийг сахисан улс гэж чухам юуг хэлж байгаа болон ойлголцлыг хэрхэн бий болгох талаар санал бодлоо солилцох нэмэлт боломжийг олгож байна.
Монгол, Швейцар улс нь өөр өөрсдийн бүс нутагтаа төдийгүй АСЕМ-ын үйл явцад хувь нэмрээ оруулахыг хичээж тодорхой санал санаачлага дэвшүүлэн ажиллаж байна. АСЕМ-аар дамжуулан Монгол, Швейцар Улс сайн харилцааны түгээмэл үнэт зүйлсэд үнэнч байх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хуулийг дээдлэх үүрэг амлалтаа тунхаглаж, зөвшилцөл, зуучлалд чиглэсэн гадаад бодлогоо урагшлуулж байна.
Монгол, Швейцар улс АСЕМ-ын хүрээнд болж буй хурал чуулганд идэвхтэй оролцохын зэрэгцээ түүний гишүүн орнууд болон Ази-Европын Сан /АСЕФ/-тай хамтран төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүний наймаатай тэмцэх чиглэлээр төрийн байгууллага, цагдаагийн албан хаагчид болон иргэний нийгэм хоорондын хамтын ажиллагааг уялдуудах зорилго бүхий “Хүний эрх” сэдэвт АСЕМ-ын албан бус 15 дахь удаагийн семинарыг 2015 оны арваннэгдүгээр сард Швейцар улсын Монтрё хотноо зохион байгуулсан. Уг семинарын гол зорилго нь яриа хэлэлцээний замаар тодорхой ахиц гаргах, тэр нь ард иргэдийн ахуй амьдралд эерэг нөлөө үзүүлэхэд оршино.
Монгол Улс 2015 оны тавдугаар сард Сэргээгдэх эрчим хүчний асуудлаарх АСЕМ-ын семинарыг зохион байгуулсан. Мөн Хүнсний аюулгүй байдлын асуудлаар аж ахуй эрхлэгчдэд зориулсан АСЕМ-ын сургалтыг 2016 онд БНХАУ-тай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Эдгээр арга хэмжээ нь хүрээлэгч орчныг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг чухал салбарт АСЕМ-ын түншүүд хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Бидний хойч ирээдүйг өнөөгийн залуучууд авч явна. Тиймээс хойч ирээдүйн өмнө хүлээх үүрэг амлалтаа нотолж, “Model ASEM” байгуулах санаачлагыг Монгол, Швейцар улс хамтран дэвшүүлээд байна. Уг санаачлагаа бодит ажил болгож, Ази, Европын оюутан залуучуудын “Model ASEM” анхдугаар уулзалтыг Улаанбаатарт болох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулна. Уулзалтын гол зорилго нь бидний хойч үе болох залуучуудад шинэлэг санал санаачлага, санаа бодлоо төр, засгийн тэргүүн нарт сонордуулах индэр олгож байгаад оршино.
Ирэх жилүүдэд АСЕМ-ын үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох үүднээс улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог бэхжүүлэх чиглэлд АСЕМ-ын үүрэг, нөлөөг нэмэгдүүлэх талаар Монгол, Швейцар ихээхэн анхаарах болно. АСЕМ-ын хүрээнд болох хурал чуулганд иргэний нийгэм, залуусын оролцоог улам бүр нэмэгдүүлэх ёстой. Ирэх 20 жилд болон цаашид АСЕМ нь манай улс орнуудын ард иргэдийн сайн сайхныг хангахад чиглэсэн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн арга хэрэгсэл, Ази, Европыг холбосон гүүр хэвээр байх нь дамжиггүй. Учир нь энэхүү орон зайг өнөөгийн бүс хоорондын болоод олон улсын байгууллагуудын тогтолцоо орхигдуулсаар ирсэн билээ.
Ази-Европын уулзалт (АСЕМ)
1996 оны гуравдугаар сарын 1-нд Бангкок хотноо болсон АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтаар албан ёсоор байгуулсан. Одоогоор 53 гишүүнтэй. Европын бүлэг ЕХ-ны 28 улс, ЕХ, Норвеги, Швейцар улсаас бүрддэг. Азийн бүлэгт ОХУ, Казахстан, Пакистан, Энэтхэг, Бангладеш, Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Япон, АСЕАН-ны гишүүн 10 улс, АСЕАН-ны НБДГ, Австрали, Шинэ Зеланд Улс багтаж байна. Монгол Улс АСЕМ-д 2008 онд, Швейцар Улс 2012 онд тус тус нэгдсэн.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягнаас үзэх боломжтой: http://www.aseminfoboard.org