logo
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 113 497 иргэнд үйлчилгээ үзүүлжээ

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 113 497 иргэнд үйлчилгээ үзүүлжээ

2016/03/16
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болж, иргэдэд үйлчилгээ үзүүлж буй зарим байгууллагын үйлчилгээний талаар мэдээлэл сонслоо.

Хуралдааны өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Жэймс Андерсон, Олон Улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч ноён Түен Нгүен нарыг хүлээн авч уулзан, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг танилцууллаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг улам сайжруулахад туслалцаа үзүүлэх хүсэлтийг суурин төлөөлөгчдөд уламжилсан юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хуралдаж буй Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар иргэдэд үйлчилгээ үзүүлж буй нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагуудын үйлчилгээний төрөл, чанар, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар хэлэлцэж байгаа. Энэ удаагийн хуралдаанаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Авто замын газар, Хөрөнгө оруулалтын газар, Хөдөлмөрийн газар, Мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар эмийн сан /ахуй хортон шавьж мэрэгч устгал, ариутгал, халдваргүйтэл/, эмнэлэг, сувилалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тухай төсөл, тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлт, зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагын ажлын байр өөрчлөгдсөн болон шинээр үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой “Ажлын байрны дүгнэлт гаргуулах тухай” хүсэлт, зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт, шинээр эмнэлэг, эмийн сан, сувилал байгуулахтай холбоотой зөвлөгөөг өгөх нийт 13 үйлчилгээг үзүүлж байна. Тусгай зөвшөөрлийн комиссын үйл ажиллагааг 2015 оны 11 дүгээр сард МХЕГ-аас тодорхойгүй хугацаагаар сунгалтаас бусад үйлчилгээг түдгэлзүүлсэн тул үйл ажиллагаа эрхлэх тухай төсөл, тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлт, зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагын ажлын байр өөрчлөгдсөн болон шинээр үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой “Ажлын байрны дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийн үйлчилгээ хүлээгдэж байгааг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг албаныхан хэллээ.

Энэ асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газар холбогдох газарт удаа дараа албан бичгээр хүсэлт явуулсэн ч шийдвэрлэхгүй байгаа гэлээ. Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг олон газар бус нэг л газар олгодог байх боломжийг судалж, холбогдох албаныхантай санал солилцох үүргийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар өглөө.

Нийслэлийн Авто замын газар зураг төсөл зөвшилцөх, орц гарцны зөвшөөрөл олгох, сэтлэх, сүвлэх зөвшөөрөл олгох зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд авто замтай холбоотой асуудлаар иргэд болон ААНБ-д мэдээлэл, 15 зөвлөгөө өгч ажилласан байна. Орц, гарц, сэтлэх, сүвлэх зөвшөөрөл олгох нь улирлын чанартай тул одоогоор иргэд болон ААНБ-д зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь барилга угсралт, зураг төслийн 10 чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 61 иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Иргэдэд үзүүлсэн үйлчилгээг төрлөөр ангилбал 3 хувь нь зураг төслийн ажлын гүйцэтгэл, 53 хувь нь албан бичиг, 43 хувь нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээлэл, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дөрвөн чиглэлээр иргэдэд үйлчилж байна. Эдгээрээс хамгийн үзүүлэлт ихтэй үйлчилгээ нь ажил хайгч иргэнийг ажлын байранд зуучлах  зуучлалын үйлчилгээ юм. Өнгөрсөн хугацаанд 810 ажлын байрны захиалга төвлөрүүлж бүртгэлтэй иргэдийг ажилд зуучилжээ. Хуралдааны нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн төсвийг хэлэлцэхдээ ажилгүйдлийн түвшинг бодитойгоор тодорхойлж,  ажилгүйдлийг бууруулахад хичнээн төгрөг шаардлагатай байгааг тооцож боловсруулна” гэдгийг онцлон хэллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь шууд шийдвэрлэх 2, урт хугацаанд шийдвэрлэх 14, нийт 16 үйлчилгээг 4 албан хаагч 2 ээлжээр ажиллан үзүүлж байна. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 168 иргэнд зөвлөгөө өгч, 1 аж ахуйн нэгжид согтууруулах ундааны үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийн хугацаан сунгуулах тухай хүсэлтийгн дагуу улсын байцаагчийн хамтарсан дүгнэлт гарган үйлчилсэн байна. Цаашид согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэх, аж ахуйн нэгжид дүгнэлт гаргах, интернет кафе , цахим тоглоомын газарт зөвшөөрөл олгох, хэвийн бус нөхцөл тодорхойлуулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах зэрэг эрэлт, хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлэх боломжтой байна. Эдгээр үйлчилгээг нэмэхээр ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш