Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, хүч хэрэгсэл, авто машин, техник тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн жилүүдэд онцгой дээшилж байна. Өнгөрсөн онд Онцгой байдлын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, орчин үеийн авто машин, техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэгдсэн.
Мөн өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, БНАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Австри улсын "Розенбаур Интернейшнл Аг" компаниас Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, захиалгаар нийлүүлэгдэж байгаа аврах, гал унтраах ажиллагааны 16 авто машин, дагалдах хэрэгслийг Онцгой байдлын ерөнхий газарт гардуулан өгөх арга хэмжээ болно.
Арга хэмжээний үеэр 2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 авто машиныг зарим аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст тус тус хүлээлгэн өгнө.
Эдгээр авто машин техник тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавх өмнө жилийнхээс 2.3 дахин өсч, парк шинэчлэл хийгдэж байгаа юм. Галын үндсэн албаны болон аврах ажиллагааны эдгээр авто машин нь манай орны эрс тэс уур амьсгалд тохирсон, Монгол Улсын захиалгаар үйлдвэрлэгдсэнээрээ онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.