Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж байгаа Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнд 800 орчим тэргүүний малчид оролцож байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ахиц дэвшил гарч, малчдын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд мал сүрэг өсч, мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байна. Мал тооллогын дүнгээр 2015 оны эцэст мал сүргийн нийт дүн 56 сая толгойд хүрсэн нь манай улсын хэмжээнд хамгийн олон мал, түүний дотор хамгийн олон адуу, хонь, ямаа тоологдсон түүхэн амжилт болж байна. Малын тоо өмнөх оноос таван төрөл дээрээ ийнхүү өссөн нь цаашид үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна” гэлээ.
Засгийн газар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг боловсруулан Улсын Их Хурлаар батлууллаа. Энэхүү бодлого нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, махны экспортын нөөцийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавхыг бэхжүүлэх, мал аж ахуй эрхлэх уламжлалт хэв маяг, мэдлэгийг хадгалах, баяжуулах, мал, амьтны үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх стратегийг бүсчлэн хэрэгжүүлэх, бэлчээрийн даац, төлөв байдлын үнэлгээнд тулгуурлан малын тоо, төрөл, сүргийн бүтцийг тохируулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зэрэг тулгамдсан олон талт асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байна.
Засгийн газраас малчдыг дэмжих зорилгоор олон талт бодлого, арга хэмжээ авч, үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноос, арьс, ширэнд урамшуулал олгож байна. Мах экспортлох асуудлаар гадаад оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн яам 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгосон байна. 2015 онд 12 компани 4 оронд 4714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортоллоо. 2016 он гарсаар нийт 420 гаруй тонн мах экспортлоод байна.
Засгийн газар мах болон мал аж ахуйн түүхий эдийн үнэ унаснаас малчид мөнгөний гацаалд орж байгааг анхаарч малчдын зээлийн хүүг бууруулах арга хэмжээг үе шаттайгаар авч, эхний ээлжинд Төрийн банкнаас олгоод байгаа малчдын зээлийн хүүг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 18 хувь болгон бууруулах арга хэмжээ авч, энэ талаарх санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэлээ.
Малчдын орлогыг тогтворжуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкаар дамжуулан малчдад шинээр олгох зээлийн хүүг 10 хүртэл хувь болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч, санхүүжилтийн нөхцөлийг бүрдүүллээ. Энэ зорилгоор Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргаж, “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр баталлаа. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн банк жилийн 10 хувийн, сарын 0,8 хувийн зээл олгох ажлыг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлж, орон даяар зээл олгох зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. Малчны зээлийн хүү ийнхүү буурснаар 29.5 хувийи хүүтэй 5 сая төгрөгийн зээл авсан малчин өрх жилийн хугацаанд 6 сая 106 мянга 250 төгрөг төлдөг байсан бол 10 хувьтай болсноор 5 сая 375 мянган төгрөг болж жилд 730 гаруй мянган төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа юм
Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Төв аймгийн зарим сумдад гарсан гоц халдварт хонины цэцэг өвчний тархалтыг зогсоох, хяналтад авах зорилгоор вакцин үйлдвэрлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газраас гарган шийдвэрлэлээ.
Өвөлжилт хүндэрсэн 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 11 мянган тонн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй, 7.4 мянган тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан өглөө.
Энэ удаагийн зөвлөгөөний ач холбогдол нь мал аж ахуйн талаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг малчдад таниулах, малчдын санал, санаачлагыг сонсож төрийн бодлогод тусгах, мал маллагааны болон мал аж ахуйг эрхлэн хөтөлж байгаа туршлага, сургамжаа малчид харилцан солилцоход оршино гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.