Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тус тус нийтэллээ.
Мөн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор “Хотжилт ба эрүүл мэнд” хөтөлбөрийг баталжээ.
Иргэд, хамт олон, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан хот, суурин газрын оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хотжилтоос хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршиж байна.
Хөтөлбөрийн зорилгын хүрээнд ямар зорилтыг дэвшүүлсэн, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүн, санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа зэргийг тогтоосон байна. Хөтөлбөрийг 2016-2020 онуудад хэрэгжүүлнэ гэж тухайлан заажээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд,
· ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлсэн бодлого, төлөвлөлт хийх;
·олон нийтийн оролцоог хангах;
·салбар хоорондын үйл ажиллагаа, уялдаа холбоонд тулгуурлах;
·байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологид суурилах;
·бусад төсөл, хөтөлбөрүүдтэй уялдсан байх зарчмыг баримтлах ажээ.
Хөтөлбөрт холбогдох хуульд заасны дагуу улс болон аймгийн зэрэглэлтэй хот, суурин газрууд хамрагдах юм байна. Түүнээс гадна хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хяналт-шинжилгээ, үнэлгээг хэрхэн хийх, ямар шалгуур үзүүлэлттэй байх зэргийг тогтоожээ.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоосон байна.
Түүгээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоожээ.
Харин Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 1920 (нэг мянга есөн зуун хорин) төгрөгөөр, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 3840 (гурван мянга найман зуун дөчин) төгрөгөөр тус тус тогтоожээ.
Эмхэтгэлд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай авах, Журамд нэмэлт оруулах тухай, Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв. Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай тогтоолоор, Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.0537 хувь байхаар тогтоож, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр энэ тогтоолд заажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.