logo
Мэндчилгээ

Мэндчилгээ

2016/03/18

Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид аа!

Даян дэлхийн энхийн үйлсэд хүчин зүтгэж яваа цэнхэр дуулгатан офицер, ахлагч нар аа!

Дайнд оролцсон болон бэлтгэлд, чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Их эзэн Чингис хааны үеэс түүхийн бүхий л үеийн туршид эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн “Монгол цэрэг”-ийн баатарлаг тэмцэл нь туурга тусгаар эх орны маань тусгаар тогтнолын баталгаа болсоор ирсэн билээ. Энэ л түүхийн жимийн нэг чухал үе болох 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр байгуулсан Монгол ардын журамт цэргийн анхны ялалтын өдөр,  орчин үеийн  Зэвсэгт хүчний  үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Монгол Цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээг  та бүхэнд өргөн дэвшүүлье.

Эх нутаг, газар шороо, ард түмнээ харийн түрэмгийлэгчдээс хамгаалан ард түмэн, төр засгийн итгэл, найдварыг хүлээж улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт  амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвар бүхнээ зориулсан үе, үеийн дайчдын гавъяат үйлсийг баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна.
 
Ардын журамт цэрэг байгуулагдсанаар Монгол цэргийн шинэ үеийн эхлэлийг тавьж  морьт цэргээс морьт механикжуулсан цэрэг, улмаар мотобуудлагын цэрэг болон өргөтгөн шинэчлэгдэж ирсэн бөгөөд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжиж өнөөдөр бид “Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчин”-тэй болох зорилтыг хэрэгжүүлэхээр хамтран зүтгэж байна. 

Батлан хамгаалах салбарынхан бид түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. 2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдлаа. Энэ хүрээнд  Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн бариад байна.  “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон. 

Зэвсэгт хүчин маань өргөжин бэхжиж шинээр зургаан анги байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргууллаа. Салбартаа хүлээлттэй байсан барилга, байгууламжууд ашиглалтад орж, батлан хамгаалах салбар дахь гадаад хамтын ажиллагаа улам өргөжиж, цэргийн албанд ажиллаж байгаа 600 гаруй өрх айл орон сууцны нөхцөлөө сайжрууллаа.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг энэ жил уламжлал болгон зохион байгуулахдаа анх удаа орон нутагт хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цэргийн алба хааж байгаа залуучуудад иргэний мэргэжил эзэмшүүлснээр цэрэг эрс маань эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох боломж бүрдлээ. Дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн алба хаагчид Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, монгол цэргийн ур чадварыг гайхуулан үүргээ нэр төртэй биелүүлж “Дэлхийн цэрэг” болсноо дэлхий дахинд  илтгэн харуулсаар байгаа зэрэг салбарт маань өрнөсөн сайхан мэдээг баярын энэ өдөр бахархан дурсахад таатай байна.

Цаашид бидний өмнө Батлан хамгаалах салбарын багц хуулийн шинэчлэл, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг тодорхойлон хэрэгжүүлэх, цэргийн шинэчлэлийн бодлогыг гүнзгийрүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг дээшлүүлэх, улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд идэвхийлэн оролцох зэрэг зорилтууд тавигдаж байна.

"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын энэ өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах салбарын хамт олонд болон Зэвсэгт хүчнийг дэмжин, хамтран ажилладаг нийт байгууллага, ард иргэддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүлд хийморь, суу алдар үүрд мөнхөд мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш