logo
Эрчим хүчний зохицуулах хорооны тайлангийн хурал боллоо

Эрчим хүчний зохицуулах хорооны тайлангийн хурал боллоо

2016/03/24

Энэ сарын 21-24-ний өдрүүдэд  Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2015 онд хийсэн ажил, эрчим хүчний салбарын үйл ажиллагааны тайланг Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад  танилцууллаа. Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны тайлангийн хуралд  УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон газар хэлтсийн дарга нар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, зохицуулагч Д.Бассайхан, Р.Мягмар тэргүүтэй удирдах албаны хүмүүс оролцсон юм.

Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны  тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлөөлөл энэхүү тайлангийн хуралд хүрэлцэн ирсэн юм.  Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрчим хүчний зохицуулах хороо 2015 онд  хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, тарифын оновчтой зохицуулалт хийн, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласны  үр дүнд эрчим хүчний  салбар анх удаа алдагдалгүй ажиллалаа. Мөн  Эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж, олон жилийн турш  яригдсан Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого зэрэг эрх зүйн бичиг баримтууд батлагдан гарлаа.  Монгол Улс эрчим хүч экспортлогч  орон болох зорилгодоо нэг алхам ойртож, Эрчим хүчний зохицуулах хорооноос   эрчим хүч экспортын чиглэлээр баригдах  барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олголоо. 

Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэгч гол байгууллага.  Тиймээс хуультай холбоотой дүрэм журмуудыг  гаргаж, хэмнэлтийн тогтолцоог зөв эхлүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллахыг хүсье” гэсэн юм. Өнгөрсөн 2015 онд эрчим хүчний салбарын үйл ажиллагааны зардал 27.3 тэрбум төгрөгөөр, балансын алдагдал 23.7 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.  Мөн үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээ 0.68 нэгжээр, цахилгаан дамжуулалт түгээлтийн алдагдал 0.2 нэгжээр буурч, эрчим хүчний  салбарын үр ашиг дээшилж,  хуримтлагдсан өр төлбөрийг 24.8 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлын үзүүлэлт сайжирч, дотоодын цахилгаан үйлдвэрлэл нэмэгдэн, ОХУ-аас худалдаж авдаг цахилгааны хэмжээ 36 хувиар  буураад байна.  Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын  зардлын өсөлт 2014 онд өмнөх оны дүнгээс 14.5 хувь байсан бол 2015 онд 11.2 хувь болон буурсан үзүүлэлттэй гарчээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш