logo
Орон сууцны контор, СӨХ-ноос дутуу түгээгдсэн цахилгааны төлбөрийг нэхэмжилнэ

Орон сууцны контор, СӨХ-ноос дутуу түгээгдсэн цахилгааны төлбөрийг нэхэмжилнэ

2016/03/25

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг. Гэтэл ОСНААУГ-ын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчдийн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар цахилгаан хэрэглээг нь хязгаарлах тохиолдолд гарч байгаа тухай гомдол тасрахгүй байна.

УБЦТС ТӨХК-аас ОСНААУГ, СӨХ-ийн дээд зөвлөлд хандан хэрэглэгчдийг хохироон бухимдуулж, эрчим хүчийг тасралтгүй түгээн борлуулах үйл ажиллагааг тасалдуулан ажлын ачааллыг нэмэгдүүлэн компанийн нэр хүндэд халдаж буй хууль бус үйлдлээ зогсоох талаар албан бичиг удаа дараа өгч, мэдэгдэж байгаа боловч энэ үйлдэл гарсаар байна.

Тиймээс хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг дур мэдэн тасалсан нэр бүхий ОСК, СӨХ-оос дутуу түгээгдсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг нэхэмжлэх, цаашлаад шүүхэд шилжүүлэх хүртэл арга хэмжээг авч ажиллах болсныг анхаарууллаа.

Түүнчлэн ийм тохиолдлоор хэрэглээгээ хязгаарлуулж, эрх ашиг нь хөндөгдсөн хэрэглэгчдийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандаж эрхээ хамгаалуулахыг уриалж байна.


ЖИЧ: Удаа дараа зөрчил гаргасан орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо:  

"Санконфорт", "Батдулаан өргөө" ОСК, "Эв нэгдэл" СӨХ, "Гангар инвест" ОСК, "ТАУНКОМПОРТ" ХХК, ОСНААУГ-ын харьяа ХҮТ-4, "Маршал комфорт" ОСК, "Шинэ 100 айл", "Хайран" СӨХ, "Од" СӨХ, "Соёмбо" СӨХ, "Нархан" СӨХ, "Үлэмж өрнөх" СӨХ, "Хайран" СӨХ, "Цоглог" СӨХ, "Сэргэлт" СӨХ.


 “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш