МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дохиураар ажилладаг гэгдэх болсон АТГ бүтэн 7 жил МАХН-ын дарга Н.Энхбаярыг шалгаж, өнгөрсөн сард нэмж эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч АТГ-д харъяалалгүй зөвхөн цагдаа шалгаад мухарлачих хэргээр эрүү үүсгэсэн байна. Тодруулбал, Н.Энхбаярт хоёр зүйл ангиар эрүү үүсгэсний нэг нь Эрүүгийн хуулийн 133-р зүйлийн 1 гэсэн заалт юм. Энэ нь гүйцэтгэх ажиллагаа явуулдаг Төрийн байгууллагад хамаатай, тэдний ажиллагааг нь зохицуулахад чиглэгдсэн заалт бөгөөд төрд ажилладаггүй, албан тушаал хашихгүй байгаа Н.Энхбаярт ийм заалтаар эрүү үүсгэчихсэн нь хачирхалтай.
Хэрвээ өмнөх шигээ төрийн том албан тушаал хашиж байсан бол хэн нэгнийг тагнаж чагнах ажиллагааг хийлгэсэн Н.Энхбаярт рүүгийн хэрэг үүсгэж, АТГ шалгах гэж оролдож болох аж. Түүгээр ч зогсохгүй тэрхүү зүйл анги нь ч АТГ-д хамааралгүй, зөвхөн ТЕГ-ын мөрдөн шалгадаг хэрэг байх аж. Тагнаж чагнасан гэх зүйл ангиар Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг нь хийгээд, шүүхэд шилжүүлчихвэл, гүйцэтгэх ажиллагааны хуулийн дагуу шүүх хурлыг нь хаалттай хийх бололцоо гарна. Шүүх хурал нь нээлттэй болбол АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагааны заалт барьж эрүү үүсгэсэн шалтгаанаа нотлож чадахгүйд хүрэх магадлалтай аж. Түүнчлэн Н.Энхбаярт эрүү үүсгэсэн 148.4 гэсэн эрүүгийн хуулийн заалт нь ч шинэ цагийн ногоон малгайтнууд болсон АТГ биш цагдаа шалгаж, шүүх гэм бурууг нь тогтоох асуудал биш. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах биш иргэний хэргээр шийдвэрлэгдэх хэрэг байгаа юм.
Уул нь хоёр иргэний өгч авалцсан асуудлыг цагдаа нь шалгах байтал урдуур нь орж шүүрч авдаг АТГ-ынхан ч ямар завтай юм бэ дээ гэж манай урдаа барьдаг хуульчид гайхах болжээ. Бүтэн 7 жил Н.Энхбаярыг шалгаж, шоронд хүртэл суулгаж үзсэн. МУ-ын Үндсэн хуулинд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасан. МАХН-ын дарга иргэн Н.Энхбаярыг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж тов тодорхой хариулаад байхад нь 5 удаа дуудаж, зарлан дуудах хуудас хүргүүлээд байхад ирсэнгүй гэж АТГ-ынхан хөөцөлдөөд шоудсаар байна. Энэ нь л шинэ цагийн ногоон малгайтнуудыг дээрээс нь шахаж, Н.Энхбаярыг заавал хэрэгтэн болгох гэж “байгаа онохгүй зүтгээд” байгааг нь нотлоод байх шиг. Эцэст нь энэ хэргээс болоод АТГ хөгөө хөлдөө чирэх нь тодорхой боллоо гэх хуульчид эрс нэмэгдсэн гэнэ.