АСЕМ-ын Үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс ба түүний аюулгүй байдал хариуцсан ажлын хэсэг 3 дугаар сарын 29-нд ээлжит хурлаа хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын зочид төлөөлөгчдөд зориулж Жаргалантын аманд “Нүүдэлчдийн наадам” зохион байгуулах тухай болон уг арга хэмжээний бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
“Нүүдэлчдийн наадам” болох стадионыг монгол гэр хэлбэрийн хагас дугуй байхаар зохиомжилж, бэсрэг наадмаас гадна үндэсний урлагийн тоглолт, монгол хоолны амталгаат үзэсгэлэн гаргах аж. Энэ үеэр зочдын аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал зэргийг өндөр түвшинд хангаж ажиллахыг уг ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажлын хэсгийнхэнд сануулаад гол нь монгол наадмаа сурталчлахад илүү анхаарахыг зөвлөв.
Мөн болзошгүй үед үзүүлэх яаралтай тусламж, эрүүл мэндийн үйлчилгээний талаар хэлэлцэж, дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохиогдох арга хэмжээнүүдийн үеэр эмнэлгийн тусламжийн цэгүүдийг ажиллуулахаар тогтлоо.