Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр үдээс хойш боллоо. Тус хуралдаанаар Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн нэгдүгээр зүйлд Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэжээ.
Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус хуулийн хоёрдугаар зүйлд заажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг бүр мөсөн хориглох эрх зүйн үндэс бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Үүний дараа УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдод Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид өргөн мэдүүлэв.
УИХ-аас 2009 онд Цөмийн энергийн тухай хууль болон “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-ыг тус тус баталсан бөгөөд эдгээр хууль, бодлогын баримт бичигт Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах тухай асуудлыг тусгасан.
Мөн Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болох Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь, түүний дотор агаар мандал, газар, ус, газрын хэвлийг цөмийн зэвсгээс ангид байлгах зорилгоор Улсын Их Хурал 2000 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна.
Түүнчлэн “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол болон Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.