Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлэгийн ажилтнуудад баярын мэнд хүргэж, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Энэ түүхэн өдөр Япон Улсын буцалтгүй тусламжаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Нэгдсэн эмнэлэгийн шав тавигдаж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Австрийн 7 сая еврогийн зээлийн хөрөнгөөр суурилагдсан тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн салбар хүлээн авч байна. Энэ бүхэн монголын эрүүл мэндийн салбарт шинэ хөгжил дэвшлийг авчирна гэдэгт итгэлтэй байна.
Би Монголынхоо эмч нарт итгэдэг. Тэд бол зургаан зуу гаруй мянган хүн амтай Монгол Улсыг 3 сая иргэнтэй болтол нь эрүүл мэндийн манаанд өдөр шөнөгүй зүтгэж ирсэн түүхэн гавьяатай билээ. Иймээс ч хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч нарыгаа Монголын төр ямагт өндөр үнэлэх ёстой. Цаашдаа эмч нарын сурч боловсрох, нарийн мэргэжил эзэмших, амьдрал ахуйг нь дээшлүүлэх талаар төр засгийн зүгээс анхаарч ажиллах ёстой. Үүний үр дүнд монгол хүн эрүүл байж, аз жаргалтай амьдрах нөхцөл бүрдэнэ.
Энхийн манаанд зогссон эмч нартаа дахин баярын мэнд хүргэж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, хүн ард нь эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
2016.03.30