“Vtv” телевизийн сэтгүүлч Л.Пүрэвням Монголын Сэтгүүлчдийн эвлэл болон Парламентын сэтгүүлчдийн холбоо, хэвлэлийн эрх чөлөөний талаар үйл ажиллагаа явуулдаг Глоб интернэшнл төрийн бус байгууллагад хандан эрхээ хамгаалуулахыг хүсчээ. Тэрээр өөрийнх нь хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах эрхийг Төрийн ордны тусгай хамгаалалтынхан илт зөрчиж, ордон руу нэвтрэх сэтгүүлчийн үнэмлэхийг хураагаад зогсохгүй, Төрийн ордон руу нэвтрэх эрхийг нь хязгаарласан учраас энэхүү өргөдлийг гаргасан байна. Түүний өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Л.ХАЛИУ
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч
Б.Галаарид танаа өргөдөл гаргах нь:
Монголын парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн
Б.Алтангэрэл танаа өргөдөл гаргах нь:
Глоб интерэйшнль ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал
танаа өргөдөл гаргах нь:
"Vtv" телевизийн сэтгүүлч Л.Пүрэвням миний бие 1996 оноос эхлэн өнөөг хүртэл УИХ-ын байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаанаас сурвалжлага хийж, мэдээ,нэвтрүүлэг бэлтгэсээр ирсэн юм. Гэвч 2016 оны 3-р сарын 28-нд УИХ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах албанаас холбогдох журмынхаа дагуу олгосон парламентын сэтгүүлчийн үнэмлэхийг маань төрийн ордны хамгаалалтын албаны орлогч дарга,хошууч Өлзийбаатар хураан авснаас болж,УИХ-ын тухай мэдээлэл олж бэлтгэх,төрийн ордноос сурвалжлага хийх эрх маань шууд хязгаарлагдлаа. Тэдний тайлбарлаж байгаагаар бол төрийн ордны үйлчилгээний нийтлэг журмыг 2 удаа зөрчсөн нь үнэмлэх хураан авах үндэслэл нь болж байгаа юм гэнэ.
Сэтгүүлч миний бие УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай уулзахаар нэг удаа орохдоо түүний ажлын албаныханаас 1111 төв рүү нэрээ өгүүлж түр нэвтрэх үнэмлэх гаргуулж байсан юм. Гэтэл уулзсан хүнийхээ гарын үсгийг зуруулаагүй бас цаг хэтрүүлсэн байна гэж гишүүний ажлын албаны ажилтан Туяад төрийн ордны хамгаалалтын албанаас сануулга хүртэл өгчээ. Уул нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай л сэтгүүлч миний бие уулзсан юм. Ийм сануулга өгөх эрх төрийн ордны хамгаалалтын албанд байдаг болжээ.
Үүгээр ч зогсохгүй УИХ-ын дэд дарга Л.Цогийг нэвтрүүлэгтээ оруулах асуудлаар уулзаж мөн дараа нь нэвтрүүлгийг нь хуулж өгөхөөр орох үед түүний туслах Баярхүүд хүртэл энэ сануулгаа төрийн ордны хамгаалалтын албанаас дахин өгсөн байгаа юм. 3-р сарын 25-ны Баасан гарагт МУ-ын иргэний үнэмлэхээрээ төрийн ордонд түр нэвтрэх эрх бичүүлж орох гэтэл Төрийн ордны хамгаалалтын албанаас намайг битгий оруул гэсэн үүрэг өгсөн хэмээн өнөөг хүртэл нэвтрүүлсэнгүй.
Түүнээс гадна 3-р сарын 28-нд УИХ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах албанаас журмынхаа дагуу олгосон парламентын сэтгүүлчийн үнэмлэхийг маань төрийн ордны хамгаалалтын албаны орлогч дарга, хошууч Өлзийбаатарын шууд заавраар ахлах дэслэгч Амаржаргал хураан авч, улмаар тайлбар шаардаж бичлэг хийж байхад маань гар утсыг маань хошууч Өлзийбаатар булаан авах гэж дайрсан болно. УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах үнэмлэхийг 165 сэтгүүлчид олгосон байгаа бөгөөд төрийн ордны нийтлэг журмыг зөрсөн байна гэдэг үндэслэлээр зөвхөн сэтгүүлч Л.Пүрэвням миний үнэмлэхийг хураан авчээ.
Тиймээс МСЭ-ийн гишүүн миний хэвлэн нийтлэх,мэдээлэл олж авах сэтгүүлчийн үндсэн эрхийг маань хамгаалж өгнө үү.
Өргөдөл гаргасан: МСЭ-ийн гишүүн сэтгүүлч Л.Пүрэвням