"Mongolia Mining 2016" олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 6 дахь удаагийн арга хэмжээ Буянт Ухаа спортын ордонд дөрөвдүгээр сарын 6-аас 8-ны өдрүүдэд үргэлжилнэ. "Мongolia Mining" олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд өнөө жилийн үзэсгэлэнг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Оюу толгой ХХК дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Майнэкс Монгол ХХК, Эрдэнэс Монгол ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.
"Mongolia Mining 2016" үзэсгэлэнд дээрх компаниуд уул уурхайн үйл ажиллагаа, менежмент, зам барилгын хүнд машин механизм, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, цахилгаан хангамжийн тоног төхөөрөмж, өрөмдлөг, тээвэр, ложистикийн үйлчилгээ, материал, тоног төхөөрөмж, уул уурхайн кэмп, кэйтэрингийн үйлчилгээ гээд энэ салбарт хэрэгтэй бүх төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулна.
"Mongolia Mining 2016" үзэсгэлэнд 15 орны 120 орчим компани оролцож байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Австрали, АНУ, Герман, Франц, ОХУ, Япон, БНХАУ, Беларус, Канад, Чех, БНСУ, Нидерланд, Их Британи зэрэг орнуудаас уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дээвэр доор цуглан бүтээгдэхүүнээ сурталчилна. Wagner Asia Equipment LLC, United Belaz Machinery, Sany Group, Minelab Electronics Pty Ltd, Mitsubishi Materials Trading Corp, Goodwin Ltd, Newcom Mining services LLC, Lubridutch, Магнай трэйд гэх мэт уул уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэгч томоохон компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэн харуулахаас ба Эрдэнэс Монгол ХХК, Оюу Толгой ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК зэрэг уул уурхайн компаниуд оролцож, харилцаа хамтын ажиллагааны арга хэмжээнүүдийг явуулна.
Үзэсгэлэнгийн үеэр гадаад дотоодын оролцогчдын хамтын ажиллагааны уулзалт, уул уурхайн компаниудын төслийн танилцуулга, салбарын хөгжил хэтийн чиг хандлага сэдэвтэй ярилцлага илтгэл тавигдана. "Mongolia Mining 2016" үзэсгэлэнгийн дэмжигч Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Эрдэнэс Монгол ХХК болон Оюу толгой ХХК, Эрдэнэс таван толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр, Багануур ХК, Шивээ Овоо ХК оролцож хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар үзэсгэлэн гаргагчид, ханган нийлүүлэгчидтэй ярилцлага хийнэ. Мөн хүнд даацын машин, тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн семинар, үзэсгэлэнд оролцогч компаниудын танилцуулгууд явагдана.
Ийнхүү уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин, тив алгасан аялахгүйгээр дэргэдээсээ дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлагыг анзаарч, хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжийг Mongolia Mining 2016 бүрдүүлж байгаагаараа онцлог юм гэж үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолж байна.