logo
“Монгол цэргийн жавхаа - 2016” уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 11-нд эхэлнэ

“Монгол цэргийн жавхаа - 2016” уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 11-нд эхэлнэ

2016/04/08
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм.

Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа - 2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг 05 сарын 28-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах юм. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгоно.

Өнгөрсөн жилийн уралдаануудад цэргийн анги, байгууллагууд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн тохижилтийн ажлыг хийжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш