Moнголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Гомдол хэлэлцэх Ёс зүйн хорооны ээлжит хуралдаан 2016 оны гуравдугаар сарын 30, 31-ны өдрүүдэд болж Радио, Телевизийн ёс зүйн хороо нэг гомдол, Сонин, сэтгүүл, сайтын хороо нийт дөрвөн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэллээ.
“Баянгол эмнэлэг” ХХК нэгэн телевизид гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Радио, Телевизийн ёс зүйн хороо авч хэлэлцээд тухайн сэтгүүлч нэг талын эх сурвалжийг хэт баримтлан тухайн мэдээллийг үнэн зөв эсэхийг нягтлаагүй хэмээн үзэж, улмаар уг нэвтрүүлэг нь “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ“ гэсэн 1.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж дүгнэлээ. Энэхүү дүгнэлтийг үндэслэн Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн “Гомдол хүлээн авах, барагдуулах журам”-ын 6.2.3 дахь заалтад зааснаар тус телевизийн нэрийг нь дурьдахгүйгээр гаргасан зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх шийдвэрийг гаргав.
Сонин, сэтгүүл, сайтын хороонд ирсэн дөрвөн гомдол нь нийт 24 редакцид хандсан байв. Тухайлбал, иргэн С.Оюунхандаас “Охидыг Эрээн хотод худалдаалдаг байсан этгээдийг саатууллаа” гэсэн агуулгатай мэдээлэл нь миний нэр төрд дур мэдэн халдсан хэмээн үзэж гомдол гаргажээ. Тэрээр нийт 8 сайтын редакцид хандан гомдол гаргасан ба уг гомдлыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын дагуу шинжлэн хэлэлцээд уг сайтуудын редакци нь “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэсэн 4.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Улмаар уг зөрчлийг үндэслэн эдгээр сайтуудын нэрийг дурьдахгүйгээр зөрчлийг мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх арга хэмжээ авлаа.
Иргэн Ж.Мөнхбат нь “УБТЗ-ын Сайншанд дахь Замын 4 дүгээр ангийн дарга Ж.Мөнхбатын ёс зүйгүй үйлдлүүд хэрээс хэтэрчээ” гарчигтай нийтлэлийн дагуу нэгэн сайтын редакцид гомдол гаргажээ. Уг гомдлыг Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо хэлэлцсэнээр дээрхи нийтлэл нь “Монголын хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ“ гэсэн 1.1 дэх заалт, “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэсэн 1.2 дахь заалт, “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана” гэсэн 1.5 дахь заалт болон “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэсэн 1.8 дахь заалтыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. Мөн уг сайтын нэрийг дурьдахгүйгээр зөрчлийг мэдээлэн, цаашид ахин алдаагаа давтахгүй байх зөвлөмж хүргүүлэх арга хэмжээ авахаар шийджээ.
Энэ удаа Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь нэгэн гомдлыг хэлэлцээгүй нь сайтын сэтгүүлчийн гомдол байв. Тэрээр өөрийнх нь бэлтгэсэн мэдээллийг хууль бусаар олж авснаас гадна мэдээллийн эх сурвалжаа дурдаагүй хэмээн нийт 9 сайтын редакцид гомдол гаргасан байна. Гомдлыг Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо авч хэлэлцээд энэ асуудал нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон оюуны өмчийн талаархи олон улсын гэрээ, конвенциор зохицуулагдсан байх бөгөөд Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн хэлэлцэх асуудлын хүрээнд хамаарахгүй гэж үзжээ.
Иргэн Ц.П-ийн зургаан сайтын редакцид хандан гаргасан гомдлыг Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо хэлэлцээд уг нийтлэлд хохирогчоор дурдагдсан этгээд нь тухайн нийтлэлтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гомдлыг шийдвэрлэх асуудлыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл
Ажлын алба