logo
Сайн дурын ажилд 1100 гаруй оюутан бүртгүүлжээ

Сайн дурын ажилд 1100 гаруй оюутан бүртгүүлжээ

2016/04/13

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах сайн дурын ажилд Монголын хөтөч тайлбарлагчдын холбоонд бүртгэлтэй 300 орчим иргэн болон 18 их дээд, сургуулийн 1100 гаруй оюутан залуус бүртгүүлсэн байна.

Эдгээр сайн дурын ажилтнуудыг 24 багт хувааж, ажил үүргийн ерөнхий ойлголт өгөх зорилгоор эхний 2 багийг АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны үйл ажиллагаатай танилцуулжээ. Дараагийн багуудыг анхан шатны болон холбогдох мэдээллээр хангах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулах аж.

Энэ тухай болон бусад асуудлаар дөрөвдүгээр сарын 12-нд Төрийн ордонд хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын Байр, зочид буудлын ажлын хэсгийн хурлаар ярилаа.

АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулах 43 түнш зочид буудлын удирдлагууд болон хууль, хяналтын байгууллагуудын төлөөлөгчдийн нэгдсэн уулзалтыг тус ажлын хэсгээс дөрөвдүгээр сарын 9-нд ГХЯ-нд зохиосон байна.

Уулзалтаар тогтсоны дагуу МХЕГ, ТТХГ, Кибер Аюулгүй Байдлын газар болон ЦЕГ-аас хамтарсан шалгалтыг түнш зочид буудлуудад дөрөвдүгээр сарын 11-ээс явуулж эхлээд байгаа аж.

Түүнчлэн ажлын хэсгийн үйл ажиллагааны багц төсвийг эцсийн байдлаар хэлэлцэж, Ерөнхий сайдын ахалж буй Дээд түвшний уулзалтын зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш