Дэлхийн 20 гаруй орны парламентын дарга, гишүүд, төлөөлөгчид оролцох Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод болно. АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах тус ууолзалттай холбогдуулан энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Тус захирамжид зааснаар өнөөдөр тэгш тогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, маргааш сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Мөн энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалтын үндсэн бүсээс гадна Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх замдуудад 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалтад орсон дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.
Энэхүү хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хамаарахгүй.
Түүнчлэн энэ өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны авто машин /10 тонноос дээш/-ыг 06:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглоно.