logo
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 200 000 дахь иргэнд үйлчиллээ

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 200 000 дахь иргэнд үйлчиллээ

2016/04/25

Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн нэгдүгээр салбарыг байгуулсан. 2016 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар, 14-ний өдрөөс албан ёсоор ажиллаж эхлэн нийслэлийн нутгийн захиргааны болон төрийн 27 байгууллагын 242 нэр төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, харъяалал харгалзахгүй уртасгасан буюу 08-20 цагуудад “Хурдан, тэгш, нээлттэй” уриатайгаар иргэддээ үйлчилж байна. Одоогийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 287, Засгийн   газрын харъяа агентлагуудын 99, нийт 386 үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвөөс авах боломжийг бүрдүүлжээ.

Өмнө нь үйлчилгээ авах хүсэлтийг шийдвэрлэх дундаж хугацаа 16 хоног 17 цаг 43 минут байсан бол шийдвэрлэх явцыг хурдасган 10 хоног 12 цаг 50 минут болгоод байна. Тус төвөөр өдөрт дунджаар 2420 иргэн, аж ахуйн нэг үйлчлүүлж байгаа нь иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авах хүсэлт, шаардлага өндөр байсныг харуулж байгаа юм.

Харин 2016 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “200 000 дахь үйлчилгээ”  хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус төвөөр үйлчлүүлж буй 199 999, 200 000, 200 001 дэх иргэнийг тодруулж, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, хяналт тавин ажиллаж буй иргэн, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгаруулан хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун болон нутгийн захиргааны байгууллагын удирдлага, албан хаагчид, иргэд оролцлоо.

Хотын дарга “Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа нь энэ төвд ажиллаж байгаа болон үйлчлүүлж буй иргэдэд итгэл, урам өгнө гэдэгт итгэж байна. Монголд анх удаа төрийн үйлчилгээг ийм хурдан, тэгш, нээлттэйгээр хүргэж байгаа нийт албан хаагчдад нийслэлийнхээ иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Бидний энэ ажлыг бусад хотуудын дарга нар маш их сайшааж, өөрийн хотод туршлага солилцох саналыг бидэнд тавьсан нь та бүхний ажил хэрхэн амжилттай байгааг дүгнэж байна. Даргын дарамтгүй, тэдний эрх мэдэлгүйгээр төрийн үйлчилгээг авч болдогийг бид өнгөрсөн хугацаанд бүрэн харуулж ажиллалаа” гээд нийт албан хаагчдад амжилт хүслээ.

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ачаалал өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа. Тиймээс Баянзүрх дүүрэг дэх ачааллыг сааруулах зорилгоор Хан-Уул дүүрэгт Мишээл экспо, Сонгинохайрхан дүүрэгт Драгон төвд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дахь салбарыг байгуулсан байна. Салбарууд туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд Мишээл экспо төв дахь салбар тавдугаар сарын 02-ны өдөр, Драгон төв дэх салбар тавдугаар сарын 04-ний өдөр албан ёсоор нээлтээ хийнэ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш