Улаанбаатар, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-22
- Ази-Европын Парламентын Түншлэл АЕПТ-ийн есдүгээр уулзалт “Ази-Европын Парламентын Түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” сэдвээр 2016 оны дөрөвдүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо болов. Уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд нээж удирдан явуулав.
- Уулзалтад Австрали, Австри, Бельги, БНАЛАУ, БНСУ, БНХАУ, Болгар, Вьетнам, Дани, ИБУИНВУ, Индонез, Испани, Итали, Казахстан, Камбож, Кипр, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Польш, Сингапур, Тайланд, Унгар, Филиппин, Финланд, Франц, Хорват, Швед, Швейцарь, Энэтхэг, Япон зэрэг АСЕМ-ын гишүүн улсын парламентын гишүүд болон Европын Парламентын төлөөлөгчид оролцов. Мөн Ази-Европын Сангийн төлөөлөгчид зохион байгуулагч Парламентын зочноор тус уулзалтад оролцов.
- Уулзалтад Ази-Европын Парламентын Түншлэлийн өмнөх уулзалтыг зохион байгуулагч Италийн Сенатын Ерөнхийлөгч Пьетро Грассо үг хэлэв.
- Уулзалтын хүрээнд “Уялдаа холбоо ба үр дүнтэй олон талт үйл ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдвээр 2 салбар хуралдааныг тус тус зохион байгуулав.
- АЕПТ-ийн парламентчид АСЕМ-ын 20 жилийн ойг тохиолдуулан халуун баяр хүргэхийн хамт өнгөрсөн хугацаанд олсон нааштай ололт амжилтыг онцлон тэмдэглээд бүс хоорондын энэхүү үйл явц нь Ази, Европын түншүүдийн хооронд нийтлэг сонирхол бүхий өргөн хүрээний асуудлаар улс төрийн яриа хэлэлцээ хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоогоо бэхжүүлэх, мөн нийгэм, соёл, боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн АСЕМ-ын хүрээнд ард иргэдийн холбоог бэхжүүлэх замаар хоёр тивийн ард түмнийг ойртуулахад чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв.
ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ
- АЕПТ-ийн парламентчид эрх тэгш байх, бие биеэ харилцан хүндэтгэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах зэрэг нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын үндсэн дээр хоёр бүс хоорондын түншлэлийг бэхжүүлэх талаар АСЕМ-д дорвитой дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хүч чармайлтаа цаашид ч үргэлжлүүлэх чин хүсэлтэй байгаагаа дахин нотлов. Тэд АСЕМ-ын үйл явцын парламентын чиглэлийг бэхжүүлэх, АСЕМ болон АЕПТ-ийн хоорондын хэлхээ холбоог зузаатгах, Ази, Европын улс түмнүүдийн нийтлэг зорилго, эрх ашгийг амьдралд хэрэгжүүлэхэд Парламентуудын үүрэг ролийг нэмэгдүүлэх талаар зохих арга хэмжээг авч ажиллахаа амлав.
- АЕПТ-ийн парламентчид АСЕМ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болсон АЕПТ-ийн 20 жилийн ой нь Ази, Европын орнуудын ард түмэн, бизнесийнхэн болон парламент, засгийн газар хоорондын иж бүрэн түншлэл, олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгч, хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах боломж олгоно гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.
- АЕПТ-ийн парламентчид салбар дундын асуудлаар АСЕМ-ын гишүүн орнууд, АЕПТ болон бусад оролцогчдын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлага байгааг хүлээн зөвшөөрч, цахим/онлайн сүлжээг багтаасан АСЕМ-ын төвийг байгуулах тухай Монгол Улсын саналыг авч хэлэлцэхийг АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудад зөвлөмж болгов.
- АЕПТ-ийн парламентчид АСЕМ-ын үйл ажиллагааны тухай мэдээллийг АСЕМ-ын гишүүн орнуудын олон нийтэд хүргэх замаар АСЕМ-ын ач холбогдлыг сайтар сурталчлан таниулах нь чухал болохыг онцлов. Үүнтэй холбогдуулан АСЕМ-ын үйл ажиллагааны гурван тэргүүлэх чиглэлээр Ази, Европын ард түмэн, иргэний нийгмийн хооронд гүүр болсон Ази, Европын Сангийн онцгой үүрэг оролцоог тэд өндрөөр үнэлэв. АСЕМ-ын өдрийг гишүүн орнуудад жил бүрийн З дугаар сарын 1-нд тэмдэглэж байх нь АСЕМ-ын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд дөхөмтэй хэмээн үзэж дэмжиж байгаагаа мөн илэрхийлэв.
- АЕПТ-ийн парламентчид АСЕМ-ын дээд түвшний уулзалт хооронд зохион байгуулдаг сайд нарын болон бусад уулзалт, арга хэмжээний мөрөөр ажиллах, АЕПТ-ийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх үүднээс АЕПТ-ийн дүрмийг хянан үзэх боломжийг судлах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
- АЕПТ-ийн парламентчид АСЕМ-ын хүрээнд 2016-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хоёр бүсийн олон талын хамтын ажиллагааг урагшлуулахад түлхэц болно хэмээн сайшаав.
- АЕПТ-ийн парламентчид дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой заналхийлж буй терроризмын бүх хэлбэрийг эрс буруушаав. Тэд дэлхийн өнцөг буланд алан хядах ажиллагаа нэмэгдсээр байгаад сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж, Парламентууд холбогдох хууль тогтоомж баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, мөн шаардлагатай санхүүжилтийг хуваарилах замаар терроризмтой тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2170, 2178, 2199 болон 2253 тоот тогтоолын бүх заалтуудыг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс тууштай хэрэгжүүлэхийг тэд уриалав. Терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлж, илрүүлэх, мөрдөн шалгаж, яллахаас гадна терроризм, хэт туйлшрах үзлийг дэвэргэх нөхцлийг ч мөн авч үзэх шаардлагатайг онцлов. НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчмуудад үндэслэн терроризмтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлага тулгарч буйг мөн онцлон тэмдэглэв. Терроризм, түүнийг санхүүжүүлэх явдлыг аль нэгэн шашин, арьсны өнгө, үндэстэн, иргэншил, угсаатай холбон үзэж болохгүй.
- АЕПТ-ийн парламентчид бүс нутгийн халуун цэгүүдийг намжаах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс авч хэрэгжүүлж буй хүч чармайлтыг сайшаан тэмдэглэж, хүчирхийлэл, сөргөлдөөнийг зогсоох, мөргөлдөөнийг яриа хэлэлцээ хийж, эв зүйгээр шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, чингэхдээ тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт үл оролцох зарчмуудыг ягштал хүндэтгэж, бусдыг шашин, арьс өнгө, үндэс угсаагаар алагчлахыг дэвэргэх аливаа алхмаас зайлсхийх шаардлагатайг онцлов.
- АЕПТ-ийн парламентчид БНАСАУ-аас 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хийсэн цөмийн туршилт, мөн оны 2 дугаар сарын 7-ны өдөр баллистик пуужингийн технологи ашиглан хөөрөгсөн, мөн хүний эрхийг зөрчиж, хүн хулгайлсан зэрэг нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг ноцтой зөрчиж байгаагийн зэрэгцээ Зүүн Хойд Ази болон бусад тивд энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байгааг эрс буруушаав. Тэд БНАСАУ-аас НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг хэрэгжүүлж, цөмийн бүх төрлийн хөтөлбөр болон баллистик пуужингийн хөтөлбөрөөсөө эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзахыг шаардав. Түүнчлэн БНАСАУ-ын сүүлийн үеийн өдөөн хатгасан үйлдлүүдийн улмаас буй болсон хурцадмал байдлыг намжаах, мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зургаан талт яриа хэлэлцээг үр нөлөөтэйгээр сэргээх зайлшгүй шаардлага тулгараад буйг парламентчид цохон тэмдэглэв.
- Парламентчид бүс нутгийн улс орнууд болон бусад оролцогч талуудын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн санаачлагууд тухайлбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын дэвшүүлсэн Зүүн Хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны санаачлага, Зургаан талт яриа хэлэлцээний хүрээнд ОХУ болон БНХАУ-аас дэвшүүлсэн Зүүн Хойд Ази дахь энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны санаачлагууд, Монгол Улсаас дэвшүүлсэн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачлага нь чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв.
- АЕПТ-ийн парламентчид олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад НҮБ тэргүүлэх үүрэгтэй, мөн үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах үйл явцыг урагшлуулах, цөмийн туршилтыг бүрэн хориглоход Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ, Химийн зэвсгийг хориглох конвенц, Биологийн зэвсгийг хориглох конвенц голлох үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Дэлхий нийтийг хамарсан өнөөгийн болон шинээр гарч буй сорилтуудыг олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу үр дүнтэй шийдвэрлэхэд олон талт үйл ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх шаардлагатайг тэд дахин тэмдэглэв.
- АЕПТ-ын парламентчид Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Хамтарсан Үлй ажиллагааны Цогц Хөтөлбөрийг эцэслэхэд яриа хэлэлцээнд оролцогч бүх талын (ЕХ3+3) гаргасан хүч чармайлтыг өндрөөр үнэлж, энэхүү хэлэлцээр нь Ойрхи Дорнодын бүс нутагт тогтвортой байдлыг бий болгох, олон улсын үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсныг сайшаав.
- АЕПТ-ын парламентчид энх тайван, далайн тээврийн намжмал, тогтвортой, аюулгүй байдлыг хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, задгай тэнгис болон харалдаа агаарын орон зайд чөлөөтэй болон аюулгүй зорчих, маргааныг дэвэргэж болзошгүй ганцаарчилсан үйлдлээс зайлсхийх, мөн далайн маргаантай асуудлыг НҮБ-ын Дүрэм, 1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын Конвенци зэрэг олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмын дагуу эв зүйгээр шийдвэрлэхээ нотлов.
- АЕПТ-ийн парламентчид дүрвэгсэд болон цагаачдын урсгал урьд өмнө нь байгаагүйгээр их болсныг тэмдэглэж, Европын орнуудын хил орчим болон дамжин өнгөрөх улсуудад хүмүүнлэгийн хямрал үүссэнд сэтгэл зовниж буйгаа илэрхийлэв. Ард иргэд аргагүйн улмаас шилжин дүрвэж, цагаачилж байгаа суурь шалтгааныг улс төр, аюулгүй байдал, нийгэм-эдийн засаг зэрэг хүчин зүйлийг хамарсан цогц арга замаар шийдвэрлэх, дүрвэгч, цагаачдыг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, уг асуудлыг шийдвэрлэхэд тогтвортой, урт хугацааны шийдэл нэн даруй олох шаардлагатайг тэд тэмдэглэв. Дүрвэгч, цагаачид, тэр дундаа хамгийн эмзэг бүлэг болох эмэгтэйчүүд, хараа хяналтгүй яваа хүүхдүүдийн эрхийг хамгаалах үүднээс эв эетэй, хүлээцтэй, харилцан хүндэтгэсэн уур амьсгалыг дүрвэгч, цагаачид зорьж буй болон дамжин өнгөрөх орнуудад бий болгох таатай нөхцлийг бүрдүүлэх нь чухал болохыг тэд онцлон тэмдэглэв.
- Парламентчид Ази, Европын орнуудад шударга, эрх тэгш, ардчилсан болон нээлттэй нийгмийг бэхжүүлэхэд хүний эрх, эрх чөлөөг сахин дээдлэх нь нэн чухал хүчин зүйл гэдгийг тэмдэглээд нэгдмэл ойлголттой болох үүднээс яриа хэлэлцээ хийх, хамтран ажиллах, түншлэхийн зэрэгцээ хуульт ёсыг чанд сахиж, авлигатай тэмцэх шаардлагатайг тэмдэглэв.
- АЕПТ-ийн парламентчид өнгөрсөн жил Мьянмарт болсон парламентын сонгуулийн дүнг сайшааж, Мьянмарын ард түмэн ардчилсан шинэчлэлийн замаар цаашид урагшлах боломжийг энэхүү сонгууль нээснийг тэмдэглэв.
УЯЛДАА ХОЛБОО БА ҮР ДҮНТЭЙ ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА
- АЕПТ-ийн парламентчид АСЕМ-ын хамтын ажиллагааны бүхий л холбогдох чиглэлд уялдаа холбоог тусгахын чухлыг онцлоод бүс нутаг дамнасан тээврийн зам, коридор, сүлжээ хөгжүүлэн сайжруулах, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх замаар Ази, Европын орнуудын ард иргэд, парламент болон засгийн газар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх нь хоёр бүс нутгийн хооронд бараа, үйлчилгээ, хөрөнгийн чөлөөт урсгалыг нэмэгдүүлэх, ард иргэд харилцан зорчих, улмаар улам сайн ойлголцож, илүү дотно харилцаатай болоход хувь нэмэр оруулна гэж үзэв.
- АЕПТ-ийн парламентчид Ази, Европын орнуудын эдийн засгийн өсөлтийг сааруулж, ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал болон хөгжлийн түвшний ялгааг лавшруулж буй дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, санхүүгийн тодорхой бус байдал нь үндэсний хэмжээнд оновчтой бодлого, зөв стратеги хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд хүрэх тааламжтай бөгөөд тэгш боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг харуулж байгааг тэмдэглэв.
- АЕПТ-ийн парламентчид даяаршлын улмаас Ази, Европ хооронд төдийгүй бүс нутаг дотроо тэнцвэргүй, хөгжлийн ялгаа гарч байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлэв. Нийгэм, эдийн засаг, улс төр төдийгүй хоёр бүс нутаг хооронд мэдлэг, технологи дамжуулах зэрэг асуудлыг хамруулан бүх нийтийг хамарсан өсөлт, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн үр дүнтэй бодлого боловсруулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.
- АЕПТ-ийн парламентчид тогтвортой, хүйсийн тэгш байдалд туулгуурлан дэлхийн нийт ард иргэдийн хөгжил цэцэглэлт ирээдүйн төлөө 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр” чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв. “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхийн төлөө үндэсний түвшинд болон бүс нутаг, олон улсын түвшинд холбогдох арга хэмжээ авах, энэ чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг дэмжихийг АСЕМ-ын түншүүдэд тэд уриалав. Эрч хүчтэй, тогтвортой, бүтээлч, хүн төвтэй эдийн засгийг хөгжүүлэх, мөн бүх нийт, тэр дундаа залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн ач холбогдлыг тэд онцлов.
- АЕПТ-ийн парламентчид “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн зорилтуудад дурдсанчлан ил тод, үр ашигтай, хариуцлагатай институцид, түүний дотор бүх шатны хууль тогтоох байгууллагуудад суурилсан энх тайванч, шударга, бүх нийтийн оролцоог хангасан нийгмийг цогцлоохын чухлыг онцлов. Холбогдох хууль тогтоомж батлах, төсвийн хөрөнгийг хуваарилах болон Засгийн газрын хариуцлагыг дээшлүүлэх замаар 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад үндэсний парламентуудын гүйцэтгэх үүрэг чухал болохыг АЕПТ-ийн парламентчид онцлов. Парламентын дотоод процедур, үйл ажиллагаа болон чадавхи бэхжүүлэх чиглэлээрх захиргааны тогтолцоо зэрэг асуудлаар сайн туршлагыг харилцан солилцох замаар АЕПТ-ийн парламентуудын хооронд яриа хэлцээ өрнүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг мөн тэмдэглэв.
- АЕПТ-ийн парламентчид олон талт түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сорилтууд, тухайлбал цаг уурын эрс тэс өөрчлөлт, түүний ард иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд болон эко системд учруулж байгаа гүнзгий нөлөөллийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
- АЕПТ-ийн парламентчид Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн Талуудын бага хурлын 21 дүгээр бага хурал амжилттай болж, Парисын хэлэлцээрийг баталсанд баяр хүргэв. Энэхүү заавал хэрэгжүүлэх эрх зүйн баримт бичигт Талууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2°С-аас доош барих, агаарын температурын өсөлтийг 1,5°С-т хязгаарлах хүчин чармайлт гаргах талаар үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр тохирсон. Парисын хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөлийг бууруулах, дасан зохицох, мөн санхүүжилт, технологи дамжуулах, үндэсний чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааны ил тод байдал ба дэмжлэг зэрэг асуудлыг шийдвэрлэх үндэс суурийг тавьсан гэдэгт санал нэгдэв.
- Парламентчид Парисын хэлэлцээр болон Тогтвортой Хөгжлийн 2030 хөтөлбөрийн харилцан бие биеэ дэмжин нөхөж буй байдлыг хүлээн зөвшөөрч, дэлхий нийтэд тогтвортой өсөлт, хөгжил цэцэглэлтийг авчрах зорилгоор энэхүү түүхэн хоёр баримт бичигт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Ази, Европын улс орнууд хүч чармайлтаа нэгтгэхийн чухлыг онцлов. АСЕМ-ын гишүүн орнууд хөгжлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нэн шаардлагатай байгааг цохов.
- АЕПТ-ийн парламентчид тухайн орны эрчим хүчний хэрэгцээний зохистой харьцаанд нийцсэн хийгээд байгаль орчинд ээлтэй уламжлалт бус эрчим хүчний өргөн хэрэглээний ач холбогдлыг цохон тэмдэглэв. Тэд “Цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаарх АСЕМ-ын семинар”-ыг жил бүр зохион байгуулах, цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаарх олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн дэлхий даяар цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг хангахын тулд ОУАЭА-ийн стандартад нийцсэн олон улсын аюулгүй байдлын шаардлагыг ягштал биелүүлэх явдлыг дэмжиж байгаагаа дахин нотлов.
- АЕПТ-ийн парламентчид 2015 оны Гамшгийн Эрсдэлийг бууруулах асуудлаарх НҮБ-ын III бага хулаас баталсан Сендайн Тунхаглал болон 2015-2030 оны Гамшгийн Эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөрийг сайшааж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, байгалийн гамшгийн менежментийн чиглэлээр АСЕМ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг дэмжив. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг нь бууруулах, бэлэн байдлыг хангах, байгалийн гамшгаас авран хамгаалах, сэргээн босголт, нөхөн сэргээх ажиллагаа явуулахад хүн төвтэй хандлагыг эрхэмлэж, харилцан мэдээлэл солилцож хамтран ажилласнаар байгалийн гамшигтай тэмцэх чадварыг бэхжүүлэх нь чухал болохыг тэд тэмдэглэв. Энэ хүрээнд мэдлэг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж чадавхийг бэхжүүлэх, урьдчилан сэрэмжлүүлэх систем ажиллуулах, эрэл хайгуул, авран хамгаалах ажиллагааг сайжруулах, инноваци, технологи хөгжүүлэх зэргээр хамтран ажиллахыг онцлов.
- АЕПТ-ийн парламентчид Ази, Европыг холбоход чиглэсэн бүсийн болон дэд бүсийн хамтын ажиллагаа болон АСЕМ-ын гишүүн орнуудын үндэсний санал санаачилгуудыг сайшаан тэмдэглэв. Тэд Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, аюулгүй болон тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөөх яриа хэлэлцээ, итгэлцлийг бэхжүүлэх болон хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй АСЕАН-ы хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2015 оны 12 дугаар сарын 31-нд албан ёсоор байгуулсан АСЕАН-ы хамтын нийгэмлэг нь бүс нутгийн интеграцчиллыг нягтруулахад чухал алхам болно хэмээн үзэж баяр хүргэв.
Тэд 2015 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулсан нь бүсийн интеграцчилалыг нягтруулах, уялдаа холбоог нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо хэмээн үзэж баяр хүргэв. Мөн Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон бусад олон талт хөгжлийн банктай зохицуулалт, уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг тэмдэглэв.
- АЕПТ-ийн парламентчид хоёр бүс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх, бараа бүтээгдэхүүний өрсөлдөхүйц, үр нөлөөтэй болон саадгүй урсгалыг хангах зорилгоор элдэв хязгаарлалт, тарифын бус саад тотгор зэрэг худалдааг гажуудуулсан буюу өөрийн зах зээлийг хамгаалсан арга хэмжээ авахгүй байх үүргээ дахин нотлов.
- Парламентчид хоёр бүсийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх, АСЕМ-ын Худалдааг хөнгөвчлөх болон АСЕМ-ын Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх нь Ази, Европын эдийн засгийн интеграцчилал болон уялдаа холбоог гүнзгийрүүлэхэд тус дөхөм болно гэсэн байр сууриа дахин нотлов.
- АЕПТ-ийн парламентчид эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрэхэд бүх улсыг хамарсан, дүрэмд суурилсан худалдааны олон талт тогтолцоо чухал ач холбогдолтойг тэмдэглээд дэлхийн худалдааны тогтолцоог удирдах, хуульт ёсыг бэхжүүлэх, худалдааны бодлогыг хянаж маргааныг зохицуулахад Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) голлох үүрэгтэйг онцлов. Тэд Найроби хотноо 2015 онд болсон ДХБ-ын гишүүн орнуудын сайд нарын аравдугаар бага хурлын нааштай дүн, тухайлбал Мэдээллийн технологийн хэлэлцээр болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татаасын асуудлаар мэдэгдэхүйц ахиц гаргасныг сайшаав. Тэд худалдааны хэлэлцээний Дохагийн үе шатыг дуусгах, Худалдааг дэмжих хэлэлцээрийг аль болох ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох чиглэлээр үргэлжлүүлэн хүч чармайлт тавих шаардлагатайг дахин нотлов.
- АЕПТ-ийн парламентчид Ази, Европын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийг түүний дотор жижиг, дунд үйлдвэрлэлийг түлхүү оролцуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх болон “Гарааны Start-up” санаачилгыг хөхиүлэн дэмжих шаардлагатайг дахин нотлов. Тэд Ази, Европын Бизнесийн форумтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар санал нэгдэв.
- АЕПТ-ийн парламентчид хоёр бүсийн хооронд цахим харилцаа холбоо хөгжүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологи чухал үүрэгтэйг тэмдэглэв. Тэд кибер аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологийг энхийн зорилгоор хөгжүүлэхээр чадавхи бэхжүүлэх, мэдээлэл солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг АСЕМ-ын түншүүдэд уриалав.
- АЕПТ-ийн парламентчид хоёр бүсийн ард иргэдийн хэлхээ холбоог бэхжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, эрдэм шинжилгээний чиглэлийн болон залуучуудын солилцоог идэвхжүүлэх, харилцан ашигтай технологи дамжуулахыг хөхиүлэх дэмжихэд чиглэсэн АСЕМ-ын үйл ажиллагааны талаар хоёр бүсийн хооронд мэдээллийн нэгдсэн сан бий болгон уялдаа холбоог нэмэгдүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.
- АЕПТ-ийн парламентчид судалгаа шинжилгээ, инновацийн чиглэлээр хамтран ажиллах суурь нөхцөл, тэр дундаа инноваци, эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийг хөхиулэн дэмжихэд чухал үүрэгтэй оюуны өмчийг хамгаалах нөхцлийг сайжруулах нь чухал болохыг тэмдэглэж, холбогдох бүх салбар дахь оюуны өмчийн эрхийн асуудлаарх өнөөгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцлов.
- АЕПТ-ийн парламентчид АСЕМ-ын гишүүн орнуудын соёлын ялгааг чухал үнэт зүйл болохыг хүлээн зөвшөөрч, олон нийтийн мэдээлэл, боловсролын хөтөлбөрөөр дамжуулан соёлын ялгааны давуу талыг олон нийтэд ойлгуулах шаардлагатайг тэмдэглэв.
- АЕПТ-ийн парламентчид АСЕМ-ын засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд дөхөм үзүүлдэг соёл, боловсрол, эрдэм шинжилгээний болон солилцооны хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх замаар Ази, Европын ард иргэдийг ойртуулах чиглэлээр Ази-Европын сангийн явуулж ирсэн үйл ажиллагааг сайшаахын зэрэгцээ тус санг АСЕМ-ын тэргүүлэх чиглэлд нийцүүлэн Ази, Европын улс түмний сайн сайхны төлөө төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулан АСЕМ-ын үйл явцыг урагшлуулахад улам бодитой үүрэг гүйцэтгэхийг уриалав.
- АЕПТ-ийн парламентчид Ази, Европын ард иргэдийн уялдаа холбоо, харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжих, АСЕМ-ын үйл явцыг эрчимжүүлэх, түүний ач холбогдлыг дээшлүүлж олон нийтэд ойлгуулахад иргэний нийгэм, бизнес, мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллага төдийгүй эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагууд голлох үүрэгтэйг тэмдэглэв.
ТӨГСГӨЛИЙН ЗААЛТУУД
- АСЕМ-ын үйл ажиллагаанд АСЕМ-д оролцогч бүх байгууллагын хувь нэмрийг тусгах нь ач холбогдолтойг харгалзан парламентчид АЕПТ-ийн есдүгээр уулзалтын дүнг 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр улзалтад илтгэхийг АЕПТ-ийн уулзалтын даргад даалгав.
- АЕПТ-ийн парламентчид төлөөлөгчдийг халуун дотнооор хүлээн авсанд Монгол Улсын Их Хуралд талархал илэрхийлээд АЕПТ-ийн Есдүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг өндөр үнэлэв. АЕПТ-ийн дараагийн уулзалтыг 2018 онд Европт зохион байгуулах боломжтойг сайшаав.