logo
“Алтжин”-гийн Г.Алтан хүүгийнхээ нэрдээр бүх хөрөнгөө шилжүүлсэн нь сая ил болов

“Алтжин”-гийн Г.Алтан хүүгийнхээ нэрдээр бүх хөрөнгөө шилжүүлсэн нь сая ил болов

2016/05/02

Монголын долларын саятны тоо нэгээр нэмэгдсэн байсныг хэвлэл мэдээллийнхэн хүртэл саяхныг хүртэл мэдэхгүй явж байсан нь гайхалтай хэрэг биш гэж үү. Эдуардын Сүрэн гэгч дөнгөж 26 нас хүрч байсан залуу 2010 онд “Жаст групп” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Батхүүд 32 сая ам.доллар зээлүүлж байсан ба энэхүү зээлийн асуудал саяхнаас хэвлэлээр дэлгэгдэж эхэлснээр мөнгөлөг, өнгөлөг гэх залуугийн тухай мэдээлэл хүмүүст ил болжээ.

“Жаст групп” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Батхүү 2010 онд Э.Сүрэн гэдэг залуугаас 32 сая ам.доллар зээлэн авчээ. Э.Сүрэн гурван жилийн хугацаанд зөвхөн зээлийн хүүнд 24 тэрбум төгрөг авсан байдаг. Зээл өгснөөс гурван жилийн дараа буюу 2013 онд Хадгаламж банк санхүүгийн хүндрэлд орж, цаашид үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон тул Засгийн газар болон Монгол банкны шийдвэрээр төр өөртөө хариуцлагыг аван Төрийн банк руу зарим актив, пассивыг шилжүүлсэн түүхтэй. Жирийн хүмүүс тус хоёр банкыг нэгтгэсэн гэж ташаа ойлгоод байдаг тэнд залруулга хийе.

2013 онд Төрийн банк шүүхэд дуудагджээ. Хадгаламж банкны батлан даалттай, хэрэв ямар нэгэн асуудал гарвал тус банк хариуцна гэсэн бичигтэй 32 сая ам.долларын зээлийн төлбөр гарч ирсэн байна. Хадгаламжаас зарим бичиг баримтыг Төрийн банкруу шилжүүлэхэд энэхүү зээлийн баримт огт байгаагүй тул гайхацгаажээ. Иймээс Төрийн банк хариуцлага хүлээхгүй юм байна хэмээн тухайн үед удирдлагад байсан хүмүүс хайнгадуухан бодсон бололтой.Түүнчлэн ийм том хэмжээний зээлийг Монгол банкны зөвшөөрөлтэйгээр хийх ёстой. Гэтэл Монгол банкнаас ямар ч зөвшөөрөл аваагүйгээр барахгүй, зээл авсан гэдгээ ч мэдүүлж тэмдэглүүлээгүй байж. Хайнга хандахад энэ нь бүр ч нэрмээс болсон аж.

2013 онд анхны шүүх хуралдаан дээрээ Төрийн банк ялагдал хүлээжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү зээлийг Төрийн банк төлөх үүрэгтэй гэсэн шүүхийн шийдвэр гарч. Тэгэхээр нь давж заалдаж. Гэтэл хуульчийн буруутай үйл ажиллагаа болох тэмдэгтийн хураамж төлөхгүй гэсэн хуулийн зүйл заалт дээрээ давж заалдах шатан дээрээ унан, анхан шатны шүүх дээр гаргасан гомдол хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг.

Төрийн банк энэхүү зээлийг төлөх ямар ч үндэсгүй. Ш.Батхүү, Э.Сүрэн хоёр нотариатаар ч баталгаажуулалгүй энэхүү гэрээг байгуулсан. Хадгаламж банкны талаас энэхүү гэрээний талаар ямар ч бичиг цаас гарч ирээгүй, тэмдэглэл үлдээгүй. Монгол банкинд мэдүүлээгүй. Төрийн банкинд шилжиж, хоёр талын гарын үсэг зурж баталгаажуулсан албан бичиг, хүлээн хариуцлага дотор энэ талаар юу ч байгаагүй. Ер нь шулуухан хэлэхэд Хадгаламж банкны үйл ажиллагаа доголдож эхлэхтэй зэрэгцэн энэхүү гэрээг яаран сандран үйлдсэн юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй  төрөхөөр.

Хамгийн ноцтой нь Хадгаламж банкнаас дөрвөн удаа зээлийн баталгаа гаргасан ба энэхүү бичгийн огноо, дэс дугаар өөр албан бичгийн огноо, дэс дугаартай яв цав нийцэж байсан нь хардлагыг улам ихэсгэж байгаа юм.
Эдуардын Сүрэн гэж хэн бэ гэдэг нь зарим хүний сонирхлыг татаж магадгүй юм.

Э.Сүрэн нь “Алтжин”-гийн Г.Алтангийн ууган хүү аж. Эдуард нь Алтангийн анхны нөхөр байсан бөгөөд эцэг нь орос, эх нь монгол хүн байсан гэсэн мэдээллийг С.Жамьянсүрэн нэгэнтээ хэвлэлд ярьжээ. 2005 онд Бөмбөгөр худалдааны төв шатсан үйл явдлыг уншигчид сайн санаж байгаа байх. 600 гаруй түрээслэгч нар маш их хилэнтэй байсан.

 Томоохон худалдааны төв шатсан анхны тохиолдол байсан болоод ч тэрүү түрээслэгч нар амандаа орсон мөнгөө нэхэж байна гэсэн хэл яриа тархсан байсан. Энэ үеэр Г.Алтан “Жаст ойл” руу 20 гаруй Шатахуун түгээх станцаа 14 тэрбумаар зарж жүжиглэснээс бус, одоо тов тодорхой болж байгаа нэг зүйл бол Г.Алтан Бөмбөгөр шатсаны дараа ууган хүү Э.Сүрэнгийнхээ нэр дээр бүх хөрөнгөө шилжүүлжээ. Түүнээс биш 26-хан настай залууд 32 сая ам.доллар хаанаас бий болох билээ дээ. Байсан болж гэм бизнесийн ертөнцийнхөн, цаашилбал хэвлэл мэдээллийнх энэ талаар мэдэхгүй явна гэж байхгүй.

Г.Алтангийн нөхөр байсан С.Жамьянсүрэнгийн хэдхэн жилийн өмнө өгсөн хуучраагүй ярилцлагаас харахад “Г.Алтан ууган хүү Сүрэн рүүгээ 56 тэрбум төгрөг шилжүүлсэн” гэж ярьсан нь дээрх баримтыг баталж байна. Энэ яриаг тухайн үеийн хүмүүс С.Жамьянсүрэн, Г.Алтангаас хариугаа авч байна хэмээн ойшоогоогүй бололтой. Уг нь анхаарч сонссон Бөмбөгөрийн хохирогчид өлсгөлөн тулаан хийхгүйгээр хохирлоо тун амархан барагдуулах байжээ.

Угтаа бол Э.Сүрэн Ш.Батхүүд мөнгө зээлсэн хэрэг биш, Г.Алтан Ш.Батхүүд мөнгө зээлсэн болж таарч байгаа юм. Өөрийнх нь нэр орохоор Бөмбөгөрийн хохирогч нар барьж иднэ гэж айсан бололтой юм. Хохирлыг барагдуулсны дараа ч хэл амнаас эмээсэн бололтой юм.
Г.Алтан, Ш.Батхүү хоёрын хувьд их эртний бизнесийн хамтрагчид гэдэг нь мэдэгддэг. Олон овоот гоулдын хэл амтай тусгай зөвшөөрлөө Ш.Батхүү, Г.Алтан руу шилжүүлсэн байдаг. Г.Алтангаас Ш.Батхүү рүү нийт 420 га газрын зөвшөөрлийг шилжүүлсэн байдаг. Энэ хоёр бол бизнес дээр яалт ч үгүй ганзага нийлдэг хоёр гэдэг нь энэ бүгдээс харагддаг.

Бас нэг сонирхолтой баримт одоо тодорхой болж байгаа нь Г.Алтангийн хувьд Ш.Батхүүгийн санхүүгийн ард талд итгэж байсан, нөгөөтэйгүүр зээлээ хэрэв авч чадахгүй бол Хадгаламж банкны хяналтын багцыг авна гэсэн тооцоо байсан бололтой. 32 сая ам.доллар гэдэг тухайн үеийн Хадгаламж банкны бүх хөрөнгөнөөс ч их гарахаас байсан байх. 2012 оны үед Г.Алтанг Хадгаламж банкинд хувь эзэмшжээ гэсэн хэл яриа гарсныг зарим хүн санаж магадгүй. Тэрээр хувь эзэмшигч болоогүй ч сэтгэлдээ бол аль хэдийнэ Хадгаламж банкыг нэр дээрээ шилжүүлээд байжээ.

Монголын санхүүгийн салбарын 96 хувийг бүрдүүлдэг банкны салбар руу орно гэсэн хатуу зорилго түүнд байсан байна. Хэдийгээр Хадгаламж банкыг өөрийн болгож чадаагүй ч тэрээр хэдэн сарын өмнө Монголбанкинд Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын банк байгуулах хүсэлтээ өргөн барьчихлаа. Зорилго руугаа алхам алхмаар ойртож байна гэсэн үг. Тэрээр банк байгуулахад шаардагдах 16 тэрбум төгрөгийн дийлэнхийг гаргасан ба хамтрах хөрөнгө оруулагчдаа олжээ. Магадгүй Төрийн банкнаас шүүхийн шийдвэрээр авна гэж тооцож байгаа 32 сая ам.долларыг банкныхаа активтаа тусгана хэмээн сэрүүн зүүдэлж байгаа биз.

Харамсалтай нь энэхүү зээлийг өгөлцөж авалцсан гэдэг нь анхнаасаа бүдэг, баталгаагүй шигээ шилдэг хуульчдын шинээр гаргаж ирж байгаа нотлох баримтуудаар энэ зээлийг Төрийн банк хүлээн зөвшөөрөх нөхцөл үүсэхээргүй байна. Арбитрын шүүхэд хандаад ч сохор зоос олж  авахгүй  л  болов уу.

Хадгаламж банк эрхзүйн чадамжгүй болоход энэ зээлийн бичиг баримт Төрийн банк руу ирсэн л бол хэн төлөх нь ов ойлгомжтой болох байсан байх.Г.Алтан, Э.Сүрэн нарын аз хаяхад Ш.Батхүү энэ зээлийн бичиг баримтыг Төрийн банк руу илгээхээ умартжээ.

Д.Төв

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш