logo
Туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний комисс байгуулав

Туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний комисс байгуулав

2016/05/03

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатарын ахалж ажилладаг АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсэг тавдугаар сарын 2-нд ГХЯ-нд ээлжит хурлаа хийлээ.

Энэ удаагийн хурлаар Шангри-Ла зочид буудалд байгуулах “Хэвлэлийн төв”-ийн тоног төхөөрөмж техникийн асуудлыг хариуцах дотоодын туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний комисс байгуулах, Европын өргөн нэвтрүүлгийн холбооны төлөөлөгчдийн айлчлалын явц, АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр “Oxford Business group”-ээс эрхлэн гаргасан илтгэлийг хэвлэж тараах, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран ажиллах зэрэг нийт 7 асуудал хэлэлцэв.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр ажиллах “Хэвлэлийн төв”-д тоног төхөөрөмж нийлүүлэх туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахтай холбогдуулан МТШХХГ-аас эрх бүхий компаниудыг цуглуулан нэмэлт мэдээлэл, техникийн нөхцлийг танилцуулсан байна. Ажлын хэсгийн хурлаас тус газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний комисс байгуулж, сонгон шалгаруулалт зохион байгуулах эрх олголоо.

Мөн уг хуралдаанаар “Call Pro” ХХК-ийн танилцуулсан олон хэлээр лавлах утасны сүлжээ ажиллуулах, Твитерийн Монгол дахь албан ёсны эрхтэй компаниар дамжуулан албан ёсны хаягтай болох, уг хаягаар дэлхийн олон оронд Монгол Улсын болон АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын талаар мэдээлэл түгээх, олон хэлээр сурталчлах саналыг хэлэлцээд төсөв болон бусад асуудлыг Үндэсний зөвлөлийн хуралд танилцуулж, шийдүүлэхээр болов.

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр ажиллах “Хэвлэлийн төв”-ийн техник тоног төхөөрөмж, зохион байгуулалт, гадаад дотоодод шууд дамжуулалтад зөвлөгөө өгөхөөр Европын өргөн нэвтрүүлгийн холбооны мэргэжилтнүүд манай улсад ажиллаж байна. Тус холбоо өмнө нь АСЕМ-ын дээд түвшний 8 дугаар уулзалт, 2014 онд Миланд болсон АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалт, Лондонгийн зуны олимп, “Евровишн” хөгжмийн наадам зэрэг арга хэмжээний шууд дамжуулалт, хэвлэлийн төвийн техник, зохион байгуулалтыг хариуцан ажилласан туршлагатай байгууллага юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш