logo
УИХ-ын дарга З.Энхболдод Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд бараалхав

УИХ-ын дарга З.Энхболдод Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд бараалхав

2016/05/03

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод манай улсад айлчилж байгаа Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Казүнори Танака тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр /2016.05.02/ бараалхав.

Уулзалтын эхэнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танака цаг зав гарган, найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Япон Улсын хувьд Монгол Улс нь уламжлалт найрсаг харилцаатай чухал түнш бөгөөд хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцааг гол зорилт болгосноос хойш бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлж ирсэнд сэтгэл ханамжтай байдгаа тэмдэглэв.

Мөн хоёр орны стратегийн түншлэлийг бодитой хэрэгжүүлэх үүднээс олон давхаргат яриа хэлэлцээг өргөжүүлэх, түүнчлэн парламент хоорондын харилцааг улам бүр хөгжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэрээр онцлоод одоо хүчин төгөлдөр болгохоор бэлтгэл ажлыг хангаж буй Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг юм. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Мөн тэрээр Монгол Улсад хийж буй айлчлалынхаа үеэр Японы зээлийн хөрөнгөөр баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ажилтай танилцсандаа сэтгэл хангалуун байгаагаа дурдаад энэхүү байгууламж нь хоёр орны харилцааны шинэ бэлгэ тэмдэг юм гэдгийг онцлов.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг Монгол Улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдөг хэмээн онцлов. Мөн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нар, парламентын гишүүд, парламентын Зөвлөхүүдийн танхим болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн гишүүд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.

Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт туссан ажлууд эхнээсээ биеллээ олж, Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ойрын хугацаанд хүчин төгөлдөр болох гэж байгаад сэтгэл нэн ханамжтай байгаагаа илэрхийлэв. Энэхүү хэлэлцээр нь хоёр орны хөрөнгө оруулалт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний урсгал, цаашлаад иргэд хоорондын харилцан солилцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсыг бүс нутаг болон дэлхийн зах зээл, эдийн засгийн интеграцитай холбогдоход чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа тэмдэглээд цаашид уг хэлэлцээрт түшиглэн японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх эрмэлзэлтэйгээ байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн монгол ажилчдыг Япон Улсад олноор нь явуулж сургаж дадлагажуулан япон хэл, өндөр мэргэжил, технологи эзэмшүүлж мэргэшүүлэх шаардлага тулгарч байгааг онцлоод энэ асуудлын талаар анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүмаса Нагасака, Дайширо Ямагива, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш