logo

"Сайн хашаа" хөтөлбөр хэрэгжүүлэхийг "Шийдлийн цаг"-аар үүрэг болголоо

2016/05/09
“Шийдлийн цаг” уулзалтаар гэр хорооллын хашаа байшинтай өрхийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Баттүвшин нар оролцлоо.

Ерэн он, нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш малыг малчдад нь, орон сууцыг эзэмшигчдэд нь үнэгүй хувьчилсан. Нийгмийн нэг том бүлэг энэ дунд орхигдсон. Энэ нь Улаанбаатар хот, аймаг, сумын төвийн гэр хорооллын оршин суугчид, хашаа байшинтай хүмүүс. Тиймээс эхний ээлжинд  хамгийн их хүн амтай Улаанбаатар хотын гэр хороолын хашаа байшинд амьдарч байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Шийдлийн цаг”-аа хийж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.

Хашаа байшинд амьдарч буй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 107 мянга орчим өрх хашаа байшинд амьдарч байна гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл танилцууллаа.

Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс өнгөрсөн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар тодорхой ажлуудыг хийсэн. Орон сууцны шинэ хорооллыг 7 байршил 24 нэгж талбайд барих, мөн 9 байршилд хашаа байшингийн эзэмшигч хувьцаа эзэмшигч болж, шинэ баригдах барилгын тодорхой давхар барилгуудыг өөрөө бариад үлдсэнийгээ барилгын компанитай хамтран хувьцаа эзэмшигчийн хувиар зарж борлуулах ажил юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гурав дахь том давалгааг эхлүүлэн, эхний ажлуудад багтаж чадаагүй хашаа байшинтай иргэд дахин төлөвлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн  цэвэр бохир ус, халуун ус, боловсон бие засах газар гээд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх багц үйлчилгээг гэр, хашаа байшингийн хэрэглэгчдэд хүргэх шаардлагатай гэж Ерөнхий сайд үзэж байгаа юм. Энэ талаар Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран ажиллахыг үүрэг болголоо.

Засгийн газраас “Сайн оюутан”, “Сайн малчин”  хөтөлбөрийг баталсан. Цаашид “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 5 жилийн хугацаатай, сард 100 мянган төгрөгөөс ихгүй буюу хоёр оронтой тоонд багтсан төлбөр төлөхөөр 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой. Хэрвээ 100 мянган төгрөгөөс дээш төлбөр төлөхөөр бол Засгийн газар төсвөөр дамжуулан, нийслэлийн захиргаа хамтарч, 50 хүртэлх хувийг төр болон хот хариуцна гэсэн хувилбараар эхний нэгээс хоёр жилд зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Энэ нь хашаа байшинтай айл өрхүүдийн хувьд өнгөрсөн зуунд явагдсан “Соёлын хувьсгал”-тай дүйцэхүйц үйл явдал, Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, эрүүл орчинтой хот болгох том хувьсгалт ажил гэдгийг онцоллоо.

Гэр хорооллын бүсэд амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцтэй хороолол болгон хөгжүүлэх “Сайн хашаа” хөтөлбөрийг боловсруулж, ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.
Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа нийслэлийн 69200 өрхөд чиглэсэн бодлого явуулж, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ. Дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжих юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш