Офшор компани гэдэг бол эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж бизнес эрхлэхийг хэлдэг. Офшор бизнес бол хууль бус үйлдэл биш бөгөөд аль ч улсад хэн ч байгуулж болдог юм. Харин дэлхийд татварын маш таатай орчин бүрдүүлж, маш бага хэмжээний хураамж тогтмол төлж бизнес эрхэлж болдог орчинг Британийн Виржинийн арал, Кэйманы арал, Люксембург, Кипр, Хонг Конг зэрэг олон орон, бүс муж бүрдүүлсэн байдаг.
Улмаар татвар бага төлөхийн тулд эдгээр орнуудад офшор компани байгуулж, олсон орлогоо шилжүүлж байх хэрэгцээтэй үйлчлүүлэгч нарт зуучлах, үйлчилгээ үзүүлэх дамжуулагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг төрөл бүрийн бизнес гарч ирэн хөгжиж иржээ. Ийнхүү хялбар аргаар компани байгуулж болдог, татвар бага төлдөг зэрэг нь хөгжсөөр хүний өмнөөс компани байгуулж, төлөөлөн хариуцдаг үйлчилгээ бий болсон байна. Энэ нь улстөрчид, орлого өндөртэй хүмүүс, алан хядагчид, хар тамхины наймаачид, томоохон бизнесмэнүүдэд орлогоо нуух, хууль бусаар олсон мөнгөө хадгалах, зарцуулахад сайхан боломж нээж өгсөөр нэлээн хугацаа өнгөрчээ. Ийм үйлчилгээг авлигад идэгдсэн улс орнууд, түүний дотор хуучин Зөвлөлтийн улсуудын удирдагч, нөлөө бүхий хүмүүс авч, нууц компани, данс эзэмшдэг болохыг дэлгэсэн үйл явдал энэ долоо хоногт өрнөж дэлхий нийтэд дуулиан тариад байна.
Эдгээр хүмүүс өөрийн нэр дээр компаниа байгуулан данс эзэмшдэг бол хууль ёсны үйлдэл байх байлаа. Гэтэл татваргүй бүсэд амьдрагч хэн нэгнээр өөрийгөө төлөөлүүлэн түүнтэй эрх мэдлээ шилжүүлэх, шийдвэр гаргах асар нууц гэрээ байгуулан компани эзэмшдэг болох нь илэрч хууль бус орлогоо нуух зорилготой нь илэрхий болжээ.
Виржинийн аралд офшор компани байгуулж нууц данс эзэмшдгээ хүлээн зөвшөөрөөд байгаа Монгол улсын Их хурлын дэд дарга Сангажавын Баярцогтын хувьд Виржинийн арлын компаний хуулийн дагуу байгуулагдсан компаний нэр нь Legend Plus Capital Limited. Анх байгуулагдахдаа 50,000 ам.долларын дүрмийн сантайгаар 50,000ш хувьцаа гаргасан. (Эсвэл хуучин компани худалдан авсан) Үүнээс 1ш хувьцаа буюу 1 ам.долларын хөрөнгийг Execorp Limited компанид шилжүүлж, С.Баярцогтын компанийг тухайн бүс нутагт төлөөлөх итгэмжлэлийн гэрээ байгуулсан. Мөн Швейцарын банкинд данс нээсэн байна.