Өчигдрөөс эхлэн оффшор данстай эрхэмүүд ил болж эхэлсэн. Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид дотор манай улсаас 49 нэр бүхий хүмүүс багтсан. Тоон дотор үсэг явна гэдэг шиг татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримтыг дэлгэсэн хүмүүсийн дотор монгол хүн тэр дундаа 49 хүн байна хэмээн хэн санах билээ. Оффшор данстай эрхэмүүд эхнээсээ ил гарч тайлбар мэдээлэл өгч эхэлсэн өөрсдийгөө хүлээн зөвшөөрсөн хүн нэг ч гарч ирэхгүй байгаа. Яагаад, ямар зорилгоор хэзээ оффшор данс нээлгэсэн талаар бид хүн тус бүр дээр мэдээлэл өгч байгаа. Энэ удаад насаараа монголын улс төрд хүчин зүтгэж байгаа Сү Батболдын талаар мэдээлэл хүргэх болно.
Оффшор данстай Сү Батболд гэж хэн бэ
Сү.Батболд 1963 онд Улаанбаатар хотод төржээ. 1980 онд Улаанбаатар хотын 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1986 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөөд 1988 он хүртэл Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад тус яамны "Монгол импекс" нэгдэлд экспорт фирмийн дарга болов.
Монгол улс ардчилалд шилжсэний дараа 1991 онд Лондоны Бизнесийн их сургууль дүүргээд 1992 онд хувийн хэвшлийн салбарт шилжиж, "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 онд улс төрд оржээ. 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл монголын улс төрд хүчин зүтгэж яваа. Тэрбээр 2008 оны сонгуульд мөн Сүхбаатар дүүргийн 23-р тойргоос улиран сонгогдсон. УИХ-ын 2008 оны 9 сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Санжаагийн Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байв. Мөн Монгол улсын 25 дахь ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд албан тушаалаа өгсний дараа МАХН-аас түүний нэрийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн дэмжлэгийг хүлээж, 2009 оны 10 сарын 29-нд Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан туршлагатай нэгэн. Сонирхолтой нь түүний аавыг Дамдины Сүхбаатар, ээжийг нь Янжмаа гэдэг юм байна. Үүнийг нь ч түүний сонгуулийн сурталчилгаанд хэд хэдэн удаа ашиглаж байсан аж. Стратегийн шинжтэй томоохон уул уурхайн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нэн эгзэгтэй үед Монгол улсын Ерөнхий сайдын албыг хашиж буй тэрээр өдгөө гэргий Х.Отгонтуяа, таван хүүхдийн хамт амьдардаг .
Яагаад оффшор данстай нэр холбогдов
Панамын баримтанд Сү Батболдыг оффшор данстай, “Бату майнинг” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэсэн мэдээлэл гарсан. Тодруулж хэлэхэд, Сү Батболд, Д.Цогтбаатар нар “Бату майнинг” ХХК-д 2003 онд хувьцаа эзэмшээд 2005 онд буцаагаад зарсан байдаг аж. Тухайн үед буюу 2005 Сү Батболд Гадаад хэргийн сайд, Д.Цогтбаатар нь тухайн үед Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан аж. Үүнээс харахад хэзээд хамт байдаг энэ хоёр эрхэм “Бату майнинг” ХХК-д нэг онд хувьцаа эзэмшихээр ороод буцаад хамтдаа гарсан байна. Хэзээнээс нааш Д.Цогтбаатарыг Сү Батбодын хүн гэдэг бөгөөд, түүнийг улс төрд хөтлөн оруулж ирсэн хэмээн ярьдаг. Хамтдаа хувьцаа эзэмшээд нэг онд хамт гарсанаас харахад үүнийг ойлгох биз ээ.
Асуудал дуулиан дэгдээгээд байгаа оффшор дансны талаар Сү Батболд, Д.Цогтбаатар нар өчигдөр хамтдаа мэдээлэл хийсэн. Сү.Батболд “Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу улс төрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй ч хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах боломжтой. Бидний оролцсон энэ ажил хуулийн хүрээнд хийгдсэн бизнес гэж ойлгож байгаа. Оффшор компанитай холбоотой учраас бидний зүгээс тайлбар хийх хэрэгтэй.“Бату Майнинг” нь Монгол Улсад бүртгэлтэй гадаадын компани. Энэ компанид бид нууцаар ороогүй. Тиймээс нууж хаах зүйл байхгүй. “Бату Майнинг”-ийн 11.9 хувийг С.Батболд миний бие 2013 онд худалдаж авсан.Ингэхдээ С.Батболд гэдэг хүний хувийн данснаас буюу тухайн үед Капитрон банкны данснаас авсан юм. Энэ бол ил тод, хуулийн дагуу ойлгомжтой худалдаж авсан хувьцаа.Би хувьцаа худалдаж аваад зараад явсан. Монголын бизнесмэнүүдийн нэгэн адил зарчмаар л явсан юм. Оффшор компани өөрөө байгуулаад тэнд данс эзэмшээд байгаа зүйл байхгүй. Оффшор дансанд Д.Цогтбаатар бид хоёрын нэр байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн өөрийгөө өмөөрч мэдээлэл хийлээ. Энэ үеэр анхаарал бас нэг анхаарал татсан зүйл оффшор данстай 49 хүний дотор Сү Батболдын ах буюу Сүхбаатарын Бат-Очир хэмээх нэр байсан. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Би өглөө ахаасаа утасдаж асуухад "Би шалгая" гэсэн. Манай ах 25 жил бизнес хийж байгаа хүн. Бизнесийн хүн бизнесээ хийгээд явж байгаа бол хууль ёсны асуудал. Мэдээж улс төрчийн ах учраас мөнгө татвартай холбоотой асуудлаа шалгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй гэж хэлсэн байгаа” гэв. Өөрийгөө оффшор данстай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй ч гэсэн, Сүхбаатарын Бат-Очир гэх нууцлаг эрхэмийг миний ах мөн хэмээн хүлээн зөвшөөрсөнөөр хэвлэлийн хурал өндөрлөсөн.
Энэ жилийн ХОМ-ийн жагсаалтаас харахад жилийн орлогоороо УИХ-ын зургаан гишүүн 1-5 тэрбумын орлоготойгоор тэргүүлж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Батхүү 5.7 тэрбум, Ж.Энхбаяр 4.2 тэрбум С.Бямбацогт 4.1 тэрбум, Сү.Батболд 2.9 тэрбум төгрөгөөр удаах байр эзэлсэн. Үүнээс харахад тэрбээр багагүй хөрөнгөтэй гэдэг нь харагдаж байна. Энэ удаад оффшор данс нь ил болсон Сү Батболдыг хэрхэн ямар замаар оффшор нээснийг шалгах эсэхийг бас л таашгүй байна. Монголын хууль жирийн иргэдэд хатуу үйлчилж, эрх мэдэлтнүүдэд огт үйлчилдээгүй байх байдал эндээс ч тод ажиглагдаж буй юм. Өөрөөр хэлбэл улстөрчид хөрөнгөө нууж болохгүй гэдэг дүрэмтэй тул оффшор байж боломгүй юм. Оффшор данстай байна гэдэг гэмт хэрэг биш ч гэсэн улс төрч хүний талаасаа ёс зүйд нийцэхгүй асуудал. Иргэд татвараа төлж байхад, эрх баригчид түүнийг хэрхэн зарцуулах эрх тэдэнд байдаг билээ.