logo
Хоттой хониноос нь хувьцаа үнэтэй гэдгийг ойлгох цаг ирсэн

Хоттой хониноос нь хувьцаа үнэтэй гэдгийг ойлгох цаг ирсэн

2011/10/19
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн В.Удвалтай ярилцлаа.
-Танай яам Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байгаа юм байна. Монголд үнэт цаасны зах зээл төдийлөн сайн хөгжихгүй байгаа. Хуулийг шинэчлэн найруулахын ач холбогдол юу вэ?
-Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засаг жинхэнэ горимоороо хөгжих бололцоо нээгдсэн. Гэхдээ хувьцаа эзэмшинэ гэдгийг зарим иргэн одоо болтол сайн ойлгоогүй явж ирсэн гэж хэлж болно. Хувьцаа эзэмшинэ гэдэг тухайн иргэн хүн өөрөө шударгаар өмч олж авч байгаа нэг хэлбэр шүү дээ. Хүн өөрөө мөнгөөрөө аль нэг том үйлдвэр, компанийн хувьцаа худалдаж авч болно. Тавантолгойн ордоос иргэн бүрт ногдуулах 536 ширхэг хувьцааны тухайд бол өвөрмөц онцлогтой. Тавантолгой ХХК-ний тодорхой хэсгийг төрийн өмчийн компани эзэмшдэг. Түүний хувьцааны 10 хувийг нийт иргэддээ хувааж эзэмшүүлэхэд нэг хүнд 536 ширхэг хувьцаа оногдож байгаа. Энэ бол ашигт малтмалын баялгаас иргэн бүртээ хүртээх гэсэн төрийн бодлого. Ингэснээр иргэн бүр хувьцаа эзэмшигч болж байна гэсэн үг. Тэр хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосны дараа гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж өсгөх бололцоо иргэдэд нээгдэнэ.
Тавантолгойн хувьцааг 1990-ээд оны үеийн өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбартай зүйрлэж болгоомжлох хандлага иргэдэд байгаа нь анзаарагддаг. Тухайн үеийн цэнхэр, ягаан тасалбарыг зарим нь бие биеэсээ залилаад авчихсан, зарим нь юу болохыг нь ч ойлголгүй орхисон, хаясан тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр одоо төр нэгэнт иргэддээ 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргасан болохоор дараах хамгаалалтын асуудлыг нь маш сайн бодолцож шийдэж өгөх ёстой. Тэр үүднээс манай Хууль зүй, дотод хэргийн яам Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж байна. Түүгээр үнэт цаасны зах зээл дээр байгаа хувьцааг хамгаалах, хөрөнгө оруулагчийг хамгаалах, хувьцааны маргааныг хэрхэн зохицуулах талаар оруулж өгч байгаа. Хувьцаа эзэмшигч иргэн гэдэг өөрөө нэг төрлийн хөрөнгө оруулагч шүү дээ. Дотоодын хөрөнгө оруулагч дотор хувьцаа эзэмшигч багтдаг. Тэднийг хамгаалах, эзэмшиж байгаа хувьцаагаа үүсгэх, дараагийнхаа үйл ажиллагааг  бий болгох боломжийг иргэдэд олгох хэрэгтэй юм. Манай яам энэ чиглэлээр сургалт зохион байгуулж байгаа. Гаднын төсөл, хөтөлбөрүүд ч үүнийг дэмжиж байна.
-Хуулийн шинэчилсэн найруулгад жирийн иргэн хүний мэдвэл зохих ямар зүйлийг тусгаж байгаа вэ. Дийлэнх иргэнд хувьцааны талын, түүгээр юу хийх вэ гэсэн ойлголт ер нь тааруу байдаг шүү дээ?
-Иргэд “би хувьцаатай болж байгаа юм байна” гэдгээ ойлгосон. Тэгвэл түүнийгээ хаана очиж бүртгүүлэх вэ, хаана миний хувьцааны эрх явж байна вэ гэдгийг хүн болгон мэдэх шаардлагатай болж байгаа. Энэ бүхнийг хуулиар зохицуулж байна.
Өмнө нь цэнхэр, ягаан тасалбар өгөх үед бүх хүнд регистрийн дугаараар нь хувьцаа эзэмших эрх нээсэн. Одоо тэгвэл иргэд түүнийгээ хаана очиж бүртгүүлж баталгаажуулах юм бэ гэсэн асуудал Тавантолгойн хувьцаа тараахтай холбоотой гарч ирж байгаа. Хувьцаа эзэмших эрх нээгдсэн байдлаа брокерийн пүүсүүд дээр очиж шалгах хэрэгтэй. Ийм пүүсүүд аймаг, сум, дүүргүүдэд ажиллаж байгаа. Иргэн брокерийн пүүсээ өөрөө сонгоод, регистрийнхээ дугаарыг өгөөд хувьцаагаа хаана байгааг мэдэж авах бүрэн боломжтой. Хувьцаа эзэмших эрх нээгдээгүй бол нээлгэх боломжтой.
-Эрх нээлгэхэд заавал 5000 төгрөг хураах шаардлагатай юу. Үүнийг төлж хувьцаагаа авч чадахгүй иргэд ч байх шиг байна?
-Брокерийн пүүсүүд үйл ажиллагаа явуулж данс нээснийхээ хураамжийг авч байгаа. Гэхдээ брокерийн пүүсүүд өөрийн гэсэн бодлого явуулах ёстой. Иргэдэд аль болох хямд үнээр үйлчилж хувьцааны эрхийг нь нээж өгөх хэрэгтэй юм. Огт үнэгүйгээр данс нээж байгаа газрууд ч байна.  Энэ талаар иргэд мэдээлэл сайн олж авч байх хэрэгтэй. Зарим брокерийн пүүс иргэдэд үнэгүй сургалт явуулж байгаа юм байна.
-Үнэт цаасны ойлголт муутай иргэд хувьцааны үнэ цэнийг сайн ойлголгүй өдийг хүрсэн гэж хэлж болно. Хувьцаа бол хөрөнгө юм гэдгийг яаж ойлгуулах вэ?
-Монголчууд чинь эд хөрөнгийн сэтгэлгээтэй хүмүүс байхгүй юү. Өмч гэхээр дандаа эд хөрөнгө гэж ойлгодог. Эд хөрөнгө гэдэг нь харагддаг, баригддаг зүйлийг хэлдэг. Байр сав, машин тэрэг, мал сүрэг ч гэдэг юм уу. Гэтэл 1992 оны Үндсэн хуулиар харагддаг, баригддаг эд хөрөнгөөс гадна эрх буюу огт нүдэнд харагддаггүй зүйлс таны өмч шүү гэдгийг баталгаажуулж өгсөн. Иргэд нүдэнд харагдаж гарт баригддаг өмчийнхөө төлөө л яваад байгаа болохоос биш ил харагддаггүй эрхээ баталгаажуулж, дараа нь өмч бий болдог шүү гэдгийг ойлголгүй өдийг хүрсэн байна. Хувьцаа гэдэг цаасны цаадах агуулга нүдэнд харагддаггүй болохоор дийлэнх иргэд ач холбогдол өгч байсангүй. Нөгөө талаас энэ талын мэдээлэлтэй байсан хүмүүс мэдлэггүй хэсгийнхээ хувьцааг 1990-ээд онд ашиглачихсан. Үнэт цаасны зах зээлийн хуулийг шинэчлэх гээд одоо яриад байгаа маань иргэдийн тэр эрхийг баталгаажуулж бий болгохтой холбоотой юм. Зах зээлийн мэдээлэлтэй хүн бусдын хувьцааг ашиглавал ямар хариуцлага хүлээлгэх юм, эрхээ зөрчүүлсэн иргэн яах вэ гэдгийг их сайн хуульчилж өгөх хэрэгтэй. Тэр талаараа иргэдэд их ач холбогдолтой хууль гарах гэж байна.
-Цэнхэр, ягаан тасалбар тараах үед брокерийн пүүст данс нээлгээд орхичихсон, 20 шахам жил эргэж тойроогүй иргэд яах вэ?
-Үнэт цаасны төвлөрсөн тооцоо, хадгаламжийн төв гэж Хөрөнгийн биржийн хажууд бий. Тэнд иргэд очиж регистрийн дугаараараа шүүлгэх ёстой. Тэндээс гараад ирнэ. Огт байхгүй гэж бодож явсан хүнийх гараад ирдэг. Заримынх нь дансанд бүр мөнгө байж байдаг. Брокерийн пүүс нь иргэдийн хувьцааг зарчихсан тохиолдол ч гардаг. Зарчихсан ч данс нь байж л байдаг. Ямар гүйлгээ хийсэн. Хамгийн сүүлд яасан, хувьцааг хаана зарсан гэсэн бүх мэдээлэл дансанд байж байдаг. Данстай хүн бол Тавантолгойн хувьцаа авахдаа дахин данс нээлгэх шаардлагагүй.Зарим иргэд их идэвхтэй шүүлгэж үздэг болсон байна лээ. Цэнхэр, ягаан тасалбарынхаа хаана байгааг ч сурагладаг болсон байна.
- Брокерийн пүүс иргэний хувьцааг зарчихсан бол яах вэ?
-Эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд ихэвчлэн ханддаг. Шүүхийн практикт цоо шинэ үзэгдэл тул хүндрэлтэй зүйл бас байна. Гэхдээ хувьцааны анхны эзэн, шударга эзэмшигчийг тогтоохын төлөө, түүнийг хамгаалахын төлөө ажиллах ёстой. Хувьцаа гэдэг хүний  том өмч шүү дээ.
-Хувьцаа өмч юм бол түүнийгээ зөв захирч зарцуулбал ажилгүй, орлогогүй хүн байхгүй юм байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Хямдарсан хувьцааг худалдаж аваад, үнэ өссөн үед нь буцааж зараад дундаас нь ашиг олоод байж болно шүү дээ. Энэ чинь өөрөө нэг төрлийн бизнес. Хувьцаа гэдэг бол зүгээр нэг цаас биш, зараад үрээд хаячих ч эд биш. Иргэн өөрөө идэвхтэй байр сууринаас хандаад, баталгаажуулаад, гэрээгээ хийгээд  хувьцаагаараа тоглож ашиг олох ёстой. Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнэ гараад ирсний дараа Хөрөнгийн бирж дээр брокер, дилерээрээ дамжуулаад үүнийг хийх боломжтой болно. Ерөөсөө байнгын орлогын эх үүсвэртэй боллоо гэсэн үг л дээ. Зарим орны тэтгэврийн насныхан үнэт цаасны зах зээл дээр хувьцаа арилжих бизнес хийгээд орлогоор тасрахгүй амьдардаг юм байна. Хүүхдүүдийг РС тоглолоо гэж зэмлэхийн оронд интернэт ашиглаж үнэт цаасны арилжаанд сургамаар байгаа юм.
 “Надад юу ч байхгүй. Ажилгүй зовж явна” гээд суугаад байдаг хүмүүс бол Тавантолгойн 536 ширхэг хувьцаагаараа босоод ирэх боломж байна. Магадгүй нэрлэсэн үнээрээ тэр 536 хувьцаа 536 мянган төгрөг болж болно. Тэр мөнгөө өсгөхийн төлөө л үнэт цаасны арилжаанд оролцох хэрэгтэй юм. Энэ талын сургалтыг брокерийн зарим пүүс хийгээд эхэлсэн байна лээ.
-Хувьцаа гэдгийг хөрөнгө гэж мэдэхгүй, үнэт цаасаар орлого олж болно гэдгийг ойлгохгүй байгаагаас Монголд үнэт цаасны зах зээл олигтой хөгжихгүй байна гэж хэлж болох нь ээ?
-Болно. Хэдэн хонь хотлуулчихаад энэ миний өмч гээд суугаад байдаг. Гэтэл түүнээс нь үнэтэй хувьцаа тэр хүнд бий гэдгийг ойлголгүй явж ирсэн. Хувьцаагаа үнэд хүрээд ирэхээр бэлэн мөнгийг нь шууд авч идэхээ боддог. Гэтэл тэр мөнгөө аривжуулж хөдөлгөөнд оруулахад, зах зээлийн тоглолтод суралцах цаг ирээд байгааг, тэндээс их хэмжээний ашиг олж болохыг иргэд ойлгох цаг ирсэн гэдгийг хэлмээр байна.
Д.ОЮУНЦЭЦЭГ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш