logo
Хүүхдийн зуслангийн талаар авах арга хэмжээний талаар хэлэлцжээ

Хүүхдийн зуслангийн талаар авах арга хэмжээний талаар хэлэлцжээ

2011/10/19
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачлагийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мөн хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2011 оны 3-р сард болсон “Хүүхэд насаа хайрлая” зөвлөгөөний үеэр Монгол Улсын Шадар сайд М.Энхболд “Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилга” гаргаж таван дэд зөвлөл байгуулан ажиллаж байна.
Тус хуралдаанаар дээрх ажлын үр дүнгийн талаар хэлэлцээд   эрчимжүүлэх чиглэлээр санал, санаачилга гарган ажиллахыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Шадар сайд М.Энхболд үүрэг болгов. 
Энэ хүрээнд дэд зөвлөлүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёл амралтын хүрээлэн байгуулах, сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх, мөн ажлын үр дүнг харгалзан идэвх санаачилгатай ажилласан аймаг, нийслэлийн Засаг дарга, байгууллагыг урамшуулж байхаар шийдвэрлэлээ. Түүнчлэн эцэг, эхийг үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зургаа дахь зөвлөлийг шинээр байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзэв.
Мөн хуралдаанаар хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцээд хүүхдийн амралт, зусланд үйлчлүүлэгч хүүхдэд ногдох хувьсах зардлыг төрөөс дэмжих санал боловсруулж,  2013 оны төсвийн төлөвлөгөөнд оруулан шийдвэрлүүлэхийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрд даалгалаа.
Мөн зуслангуудын материаллаг баазыг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах талаар авах арга хэмжээг жил бүрийн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын төсөвт тусгах, энэ талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн дэмжлэг, туслалцааны аян, хөдөлгөөн өрнүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нарт уриаллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш