logo
Р.Уэрли: Монголын Засгийн газар “нүүдлийн” АСЕМ-ын төв байгуулах санал гаргах хэрэгтэй

Р.Уэрли: Монголын Засгийн газар “нүүдлийн” АСЕМ-ын төв байгуулах санал гаргах хэрэгтэй

2016/05/13

Монгол,  Швейцар Улсын ГХЯ-наас хамтран зохион байгуулсан “Ази-Европын гадаад сурталчилгаа болон олон нийттэй харилцах арга” сэдэвт семинарын хөтөч багш, Швейцарын “Le Temps” өдөр тутмын сонины сэтгүүлч, Азийн суурин төлөөлөгч ноён Ричард Уэрлитэй ярилцлаа. 

- Монголд зохион байгуулсан сургалтынхаа үр дүнгийн талаар ярина уу?  

- Миний бие 5 дугаар сарын 2-4-нд АСЕМ-ыг сурвалжлах 50 гаруй сэтгүүлч, дипломатууд, төрийн ба хувийн хэвшлийн байгууллагын олон нийттэй харилцах албаны ажилтнуудад Монгол Улсыг хэрхэн сурталчлах, олон нийтэд хэрхэн мэдээлэл өгөх талаар сургалт явууллаа. Үнэнийг хэлэхэд сэтгүүлчдэд АСЕМ-ын тухай ойлголт бага байна. Сургалтын үеэр олон хүн АСЕМ гэж юу гэсэн үг болох, хэдэн гишүүнтэй, юу хийдэг байгууллага болох талаар асууж байсан. Гэхдээ тэдний ихэнх нь сургалтад идэвхтэй хамрагдсан. Сэтгүүлчид мөн АСЕМ-ын талаар олон нийтэд хэрхэн мэдээлэл өгвөл зохилтой талаар нэлээд сонирхсон. Мэдээж тэд байнга мэдээлэлд дарагддаг тул бүхнийг мэдэх албагүй. Гэхдээ мэдээллийг зөв дамжуулах нь АСЕМ-ын уулзалтуудын ач холбогдлыг  өргөхөд чухал хувь нэмэр болно.

- “АСЕМ-ын хурлуудыг зохион байгуулах нь Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах том боломж болно” гэж та лекцийнхээ үеэр онцолсон. Ямар өнцгөөс сурталчилбал үр дүнтэй гэж үзэж байна вэ?

- Эхний өнцөг бол бизнесийн ач холбогдол юм. Хэдийгээр АСЕМ нь худалдааны талаар шууд хэлэлцдэггүй ч түүний салбар хурлуудад Ази-Европын Бизнесийн чуулга уулзалт (АЕБФ) багтдаг. Монголчууд тус чуулга уулзалтыг АСЕМ-ын дээд түвшний уулзалтын яг өмнө нь зохион байгуулж байгаа нь зөв санагдаж байна. Учир нь АЕБФ-ыг амжилттай зохион байгуулж чадвал, гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа энэ үед дэлхийн бизнесийн удирдагчдыг Монголд авчирч, улс орныхоо нэр хүнд, эдийн засгийн хөгжлийн гарцуудыг шинээр нээж болно. Хоёрдугаарт, АСЕМ-ын дагалдах хурлуудын хүрээнд Ард түмний чуулга уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улс нь  зөвхөн уул уурхайн хөрөнгө оруулалт хайсан улс биш бүс нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзсэн улс болохоо харуулахад маш чухал үүрэгтэй. Уг чуулга уулзалтаар танай улс тогтвортой ардчиллыг хөгжүүлсэн зөв засаглалтай улс болохоо нотлох боломжтой. Түүнчлэн Хятад, Орос хоёр том хөршийн хооронд оршдог газар зүйн давуу байрлалаа ашиглан Ази-Европын хооронд чухал үүрэгтэй тоглогч болж болох юм.

- Та Бангкокт болсон анхны АСЕМ-аас эхлээд олон удаагийн дээд түвшний хурлыг сурвалжилсан. Зохион байгуулагч орны хувьд АСЕМ-аас ямар үр ашиг хүртэх боломжтой вэ?

- Дээд түвшний уулзалтыг зохион байгуулж байсан орнууд янз бүрийн үр дүн хүртэж байсан. Жишээ нь 2006 онд АСЕМ-ыг зохион байгуулсан Финланд улс хамгийн том их сургуулийнхаа дэргэд “Азийн судалгааны төв”-ийг нээж, Ази-Европын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх бодлогын судалгаануудыг хийн, дуу хоолойгоо хүчирхэгжүүлж эхэлсэн.

Хамгийн сүүлд Миланд болсон АСЕМ-ын тухайд, италичууд дээд түвшний уулзалтыг олон улсын үзэсгэлэнгийн өмнөхөн зохион байгуулж, бизнесийн талын асуудлыг түлхүү хэлэлцсэнээр үзэсгэлэнгээ дэмжих хөшүүрэг болсон. Тэгэхээр энэ нь АСЕМ-ыг өөр арга хэмжээтэй холбон зохион байгуулж, үр ашиг хүртэж болохыг харуулж байна.

- Монгол Улс Ази-Европын дунд оршдог гэдэг утгаараа “АSEM center” байгуулах санаачилгыг гаргаад байгаа. Таны бодлоор энэ санаачилга хэр дэмжигдэх бол?

- АСЕМ-ын уулзалт эхэлсэн цагаас хойш нарийн бичгийн дарга нарын газар байгуулах тухай асуудал хөндөгдөж ирсэн. Азийн орнуудын хувьд албан ёсны байр, удирдлагатай, нарийн бичгийн дарга нарын газартай байх ёстой гэсэн хандлагатай байдаг. Харин европчууд үүнийг дэмжихгүй, АСЕМ-ыг албан бус, уян хатан нөхцөлтэй хэвээр байлгахыг хүсдэг.

Монгол Улс Улаанбаатар хотод АСЕМ-ын төвийг байгуулах хүсэлтэй байгааг ойлгож байна. Уг нь энэ бол сайхан санаа, гэхдээ ийм төв Монголд байнга байрлана гэдэгт эргэлзэж байна. Учир нь 3-4 хүн ажиллаад, Монголоос бүхэл бүтэн бүс нутгийн ажлыг зохицуулах хэцүү. Харин үүний оронд “АСЕМ-ын нүүдлийн төв”-ийг  зохион байгуулах санаа гаргаж болно. Энэ нь АСЕМ-ын нарийн бичгийн газар эхний 5 жил Монголд, дараагийн 5 жилд нь өөр оронд гэх мэтээр шилжин явж болох юм. Цөөн орон тооны ажиллагсадтай ийм нүүдлийн төв нь АСЕМ-ыг илүү уян хатан зохион байгуулалттай болгох байх. Түүнчлэн нүүдлийн гэдэг утгаараа Монголын уламжлалт соёлыг илэрхийлэх болно. 

- Манай Улс АСЕМ-ыг зохион байгуулах нь нэр төртэй, хариуцлагатай үүрэг хэмээн үзэж бүхий л түвшинд боломжоо дайчлан бэлтгэж байна. Гэвч дийлэнх иргэд уулзалтын талаар төдийлөн ойлголтгүй байгаа бөгөөд улс орны эдийн засагт нэрмээс болно гэж үзэж байна.  Тэгэхээр иргэдэд уулзалтын ач холбогдлыг ямар өнцгөөс ойлгуулах хэрэгтэй вэ?

- Юуны өмнө ард иргэддээ мэтгэлцэх боломж өгч байгаа Монгол Улсын ардчилсан засаглалд баяр хүргэе. Монгол Улсын Засгийн газар АСЕМ-д зориулж тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж байгаа учир иргэдийнхээ санал гомдлыг хүлээн авч, хариу өгөх хэрэгтэй. Аль ч улс орны иргэд ихэнхдээ дээд түвшний уулзалтыг эсэргүүцдэг, гэхдээ яг уулзалтын үеэр дийлэнх нь бодлоо өөрчилж, улс орноороо бахархах сэтгэгдэл төрдөг шиг санагддаг. Тиймээс дээд түвшний уулзалт болон, салбар хурлуудад аль болох Монголын нөлөөг оруулах нь чухал. Төр хичнээн сайн ажилласан ч иргэд төр засгийг шүүмжилсээр байх болно, гэхдээ хүмүүст үзүүлэх зүйлтэй, хийсэн юмтай байх нь чухал.

- АСЕМ-ын Дээд түвшний хурлын хүрээнд дагалдах 9 хурал болдог. Эдгээрээс гарах үр дүн нь жирийн иргэдийн амьдралд ямар бодит нөлөө үзүүлдэг вэ?

- Юуны өмнө энэ нь Монголд гадаадын хөрөнгийг татах арван “хүчин чармайлт” гэсэн үг. Зочид төлөөлөгчид хуралд суухаас гадна зочид буудалд байрлана, дэлгүүр хэснэ, хооллоно, мөнгөө үрнэ. Мөн Ард түмний чуулганаар төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийнхэн, үйлдвэрчний эвлэлийнхэн, байгаль орчны байгууллагууд Монголд чуулна. Уг чуулганыг Монголд гурван их сургууль дээр хувааж зохион байгуулж байгаа нь Монголын иргэний нийгмийн байгууллагууд АСЕМ-ын харилцаанд нэгдэж, олон улсын иргэний нийгэмтэй холбогдох боломж өгөх юм.

- АСЕМ-ын Ази-Европын сан (АСЕФ) сайн ажилладаг ч монголчууд үйл ажиллагааг нь сайн мэдэхгүйгээс идэвх, оролцоо багатай байна. Энэ санд жирийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үр ашгийг нь хүртээх талаар манай улс юу хийвэл зохилтой вэ?

- Нэгдүгээрт би АСЕФ-ын тухай мэддэг монголчуудын тоо францчуудаас их гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Бас тайланд иргэдээс АСЕФ юу вэ гэж асуувал бараг мэдэхгүй байх. Хүмүүс Ази-Европын сангийн талаар мэдэхгүй байгаа нь гайхах зүйл биш, учир нь тэр бол их жижигхэн байгууллага. АСЕФ нь стратеги, бодлогоо шийдэхдээ Засаг дарга нарын зөвлөлөөр удирдуулдаг ба энэ удирдлагад өнгөрсөн намар Монголоос төлөөлөл орсон. (Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж).

Тэгэхээр Монгол Улс АСЕФ-д аль хэдийн хөл тавьчихсан байна гэсэн үг. Элчин сайд Т.Лхагвадоржийн оролцоонд тулгуурлан Монгол Улс жишээлбэл  Ази-Европын Гадаад сурталчилгааны хөтөлбөрт оюутан явуулж болно. Манай хөтөлбөр гурван жилийн өмнөөс эхэлсэн,  гишүүн улсууддаа эргээд туслах зорилгоор бид Ази-Европын олон улсын дипломатуудыг сургасаар ирсэн. Монголоос  дөрвөн хүн сургачихсан байгаа. Энэ бол АСЕФ-тай харилцах нэг боломж. Өөр нэг боломж гэвэл их сургуулиуд, залуучуудын байгууллагууд төслийн санал өгөх боломжтой. Ялангуяа их сургуулиуд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал өгч, санхүүжилт авдаг.  Дээд түвшний хурал зохион байгуулснаараа АСЕФ-ын  олон чиглэлийн  сургалт, семинарт оролцох оролцоо нэмэгдэх магадлалтай. Сэтгүүлчдийн хувьд Редакторуудын дугуй ширээний уулзалт, Сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалт гэж хоёр арга хэмжээнд хамрагдаж болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш