logo
АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт болж байна

АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт болж байна

2016/05/13

Манай улсад ирэх 7 дугаар сард болох Ази, Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт 2016 оны 5 дугаар сарын 12-13-нд Улаанбаатар хотноо болж байна.

Уг уулзалтад АСЕМ-ын түнш 51 улс, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн НБДГ-аас гадна Ази-Европын сангийн төлөөллөөс бүрдсэн нийт 170 төлөөлөгч оролцож байна. Уулзалтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг үг хэллээ.

Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үеэр Ази, Европын орнуудын төр, засаг төдийгүй ард иргэд хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, АСЕМ-ын 20 жилийн ой, АСЕМ-ын түнш орнууд хамтран ажиллахаар тодорхойлсон 16 салбар чиглэлийн хэрэгжилтийн явц болон ирэх 10 жилийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлыг нарийвчлан ярилцахын зэрэгцээ Дээд түвшний уулзалтаас батлах Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэл зэрэг баримт бичгийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

26869468572_ef5126b703_o

Ахлах албан тушаалтнуудын уулзалт нь АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, сайд нарын хурлын бэлтгэл хангах, АСЕМ-ын түнш орнуудаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны санал, санаачлагуудыг судалж байр сууриа нэгтгэх, АСЕМ-ын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй, улс орондоо АСЕМ-ыг хариуцан ажилладаг дипломатуудын яриа хэлэлцээний механизм юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш