logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийв

2016/05/20

Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ уулзалтын эхэнд, урилгыг маань  хүлээн авч албан ёсны айлчлал хийж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд гүнээ талархаж байна.  Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож, хоёр талаас амжилттай зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлсэнд сэтгэл хангалуун байна. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа сайжирч байгаа, цаашид  өргөжин тэлэх нөөц бололцоо бий гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар найрсаг дотно харилцаатай БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСУ-д хийж буй энэхүү айлчлал хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Хоёр талын харилцаа хийгээд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаанд биднийг нэгтгэж байдаг үнэт зүйл нь хүний эрх, ардчилал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.

Хэлэлцээний үеэр хоёр тал , ардчилал болон зах зээлийн эдийн засгийг зэрэгцүүлэн амжилттай хөгжүүлж чадсан, IT болон ногоон технологийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэгч улс болох БНСУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдав. Мөн өнгөрсөн онд Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо байгуулагдаж, энэ онд хоёрдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсан нь,  энэхүү бүтэц цаашид эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцох чухал механизм болж хөгжинө гэдэгт итгэлтэй байгааг санал нэгтэй  онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, цаашид дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч зэрэг тэргүүлэх салбар чиглэлд тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн Улаанбаатар-Пүсаны чиглэлд 2016 оны 6 дугаар сараас байнгын нислэг үйлдэж эхлэх болсоныг дурдав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улс анх удаа олон улсын дээд хэмжээний арга хэмжээ болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг энэ онд өөрийн оронд зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж буйг дурдаж, Хатагтай Ерөнхийлөгч АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, арга хэмжээний ач холбогдлыг нэмэгдүүлэх болсонд баяртай байгаагаа илэрхийллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш