logo
Монгол, Солонгосын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол, Солонгосын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

2016/05/20

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Солонгос улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.    

1.   “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сантай 2016-2018 онд  хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Стратеги болон Сангийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

2011 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан/ЭЗХАС/-гаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийн хугацааг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод сунгаж 2016-2018 онд хамтран ажиллах тохиролцсон. Энэхүү Ерөнхий хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд талууд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. 

Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь Талууд найрсаг харилцаа болон санхүү, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлж, БНСУ-ын ЭЗХАС-гаас авч ашиглах урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг үр ашигтай ашиглах, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн бүтээн байгуулалтад нэн шаардлагатай төслүүдэд хамтран ажиллахад оршино.

Талууд харилцан ашигтайгаар эрчим хүч, боловсрол, орон нутгийн хөгжил, байгаль орчин, мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан нийтийн үйлчилгээний шинэчлэлийн салбарыг тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлсон болно.

ЭЗХАС-гаас авах зээлийн эхний төслийн гэрээ 2012 онд байгуулагдаж “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн ашиглагдаагүй үлдэгдэл болох 244,5 сая ам.долларын хөрөнгөөр Монголын талаас санал болгосон төслүүдийг зээл олгох журмын дагуу судлаж хэрэгжүүлэхээр тохиролцов. Үүнд:

  1.     Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл
  2.     10 аймгийн дулааны станц барих төсөл
  3.     Хууль эрхзүйн салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл
  4.     Ухаалаг боловсрол төсөл
  5.     Харгиа урьдчилсан цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл

2. “Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Aмьтан болон ургамлын хорио цээрийн агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь дэлхийн мал эрүүл мэндийн байгууллага болон олон улсын ургамал хамгааллын конвенцийн дагуу мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын салбарт хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэхэд оршино.

Санамж бичиг байгуулснаар мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын салбар  дахь  хууль тогтоомж, дүрэм журмыг харилцан солилцох, хоёр орны лабораторийн шинжилгээний арга аргачлалуудыг солилцож, лабораторийн чадавхийг бэхжүүлэхэд  хамтран ажиллах, экспорт, импортын хорио цээртэй холбоотой гарсан зөрчил дутагдлыг харилцан мэдээлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээрийн салбарт шинжлэх ухаан, судалгааны нэмэлт, ололт амжилтын талаар хамтарсан сургалт, семинарыг зохион байгуулж, мэргэжилтнүүдийг мэргэшүүлэхэд хамтран ажиллана.

Монгол Улсын хувьд хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт суурилан хөгжиж буй орон тул мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын салбарыг хөгжингүй орны стандартад хүргэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. 

3.  “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь Талууд нөөц боломжоосоо хамааран, хоёр улсад үйлчилж буй хуулийн дагуу харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан спортын салбарт хамтран ажиллахад шаардлагатай тогтолцоогоор хангаж өгөхөд оршино.

Талууд энэхүү хэлэлцээрийн зорилгын хүрээнд спортын хөгжил, бүх нийтийн спорт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт, спортын шинжлэх ухаан, эмнэлэг, допингийн эсрэг, спортын менежмент, спортын технологи, дэд бүтэц, спортын аялал жуулчлал болон талуудын тохиромжтой гэж үзсэн бусад чиглэлээр хамтран ажиллана.

Талууд хамтын ажиллагааны чиглэлээр спортын эмч, сэтгэл судлаач, дасгалжуулагч, сургагч багш, мэргэжилтэн солилцох, спортын хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал, семинар, симпозиум зохион байгуулах, спортын үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, барилга байгууламж барих төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, спортын удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр туршлага хуваалцах зорилгоор харилцан албан айлчлал зохион байгуулах, үндэсний шигшээ багийн хамтарсан бэлтгэл сургуулилтыг спортын бэлтгэлийн төвүүдээр хийх, спортын мэдээлэл, хэвлэлийн баримт бичиг солилцох, хоёр улсын спортын байгууллага, холбоод болон бусад нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжих, өөрийн оронд зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээн, наадамд оролцоог дэмжих болон талууд тохиромжтой гэж үзсэн бусад чиглэлээр үйл ажиллагааг явуулна.

4.  “Барилга хот байгуулалтын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам болон  Бүгд Найрамдах Солонгос Улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь талууд хооронд барилга, хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр гадаад хөрөнгө оруулалт, техник технологи, болон мэдээлэл, туршлага солилцох замаар хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино.

Хамтын ажиллагааны хүрээнд Талууд хооронд барилга, хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц, нийтийн аж ахуйн салбартай холбоотой хууль тогтоомж, бодлого, туршлага, технологийн хүрээнд мэдээлэл солилцох, барилга, хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын  хүрээнд талууд хүний нөөцийг чадавхижуулах, сургах, дадлагажуулахад хамтран ажиллах, мэргэжилтэн харилцан солилцох зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр улсын барилга, хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд ажил хэргийн харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, урт хугацааны түншлэл тогтоох явдлыг Талууд харилцан дэмжинэ.

Барилга, хот байгуулалт, газрын харилцаа, орон зайн өгөгдлийн дэд бүтэц, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын орчин үеийн технологи, мэдлэг, тэргүүн туршлагаа хуваалцах, мэдээлэл харилцан солилцох, мэргэжилтэн, судлаачид, инженер техникийн ажилтнуудыг сургах, барилга, хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр хамтарсан төсөл боловсруулан хэрэгжүүлэх, уулзалт, техникийн семинар, хурал, үзэсгэлэнг хамтран зохион байгуулах болон талууд хооронд харилцан тохирсоноор бусад чиглэлээр хамтран ажиллах ач холбогдолтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш