logo
Зуунмод хотод барих орон сууцны тоог нэмэгдүүлнэ

Зуунмод хотод барих орон сууцны тоог нэмэгдүүлнэ

2011/10/20
Төв аймгийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлэх сүүний хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо хадгалах элеватор, зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, мал оторлох ажлыг зохион байгуулах, хоттой хил залгаа сумдын нутагт барилгын материал олборлох зөвшөөрлийг хянан үзэх, олон улсын нисэх онгоцны буудал шинээр барих газар орчимд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлж, ашиглуулах зөвшөөрөл олгохгүй байхыг Засгийн газраас өмнө нь үүрэг болгожээ. 
2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаас өгсөн дээрх үүргийг Төв аймаг хангалттай хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын хуралдаанаас үзсэн байна.
Үүний зэрэгцээ Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ой 2013 онд болохтой холбогдуулан аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлага, иргэдээс Засгийн газарт хандан хэд хэдэн хүсэлт тавьсан байна.
Хүсэлтийн дагуу “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Зуунмод хотод барих орон сууцны тоог нэмэгдүүлж, нийслэлийн хүн амын нягтралыг зохицуулах, дэд бүтэц байгуулахад шаардагдах 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө, аймгийн төвд хатуу хучилттай зам шинээр барих, Цээл, Угтаалцайдам, Аргалант, Эрдэнэсант, Сүмбэр, Жаргалант, Баянцогт суманд сум дундын техник, үйлчилгээний төв байгуулахад зориулж 1.4 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэргийг судлан, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгожээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш