logo
Импортын улаан буудайнд 40 хувийн татвар ногдуулна

Импортын улаан буудайнд 40 хувийн татвар ногдуулна

2011/10/20
Төсвийн байнгын хороо хуралдаанаараа "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 427.0 мянган тонн үр тариа, үүнээс 419.1 мянган тонн улаан буудай хураан авч байгаа. Энэ 2011 оны хураан авах ургацыг 2007 оны ургацтай харьцуулахад үр тариа 310.1 мянган тонноор нэмэгдэж, жилийн хэрэгцээт буудайг 100 хувь дотоодын ургацаас хангах төдийгүй экспортлох боломж бүрдээд байгаа. 

Сүүлийн жилүүдэд улаан буудайн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах болсон тул дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хамгаалах зорилгоор импортын улаан буудайн гаалийн албан татварыг хувь хэмжээг улирлын ялгаваргүйгээр Дэлхийн Худалдааны Байгууллагын хэлэлцээрээр хүлээсэн үүрэгт заасан дээд хэмжээнд хүргэн улаан буудайн төрлөөс хамааруулан хатуу буудайн хувьд 20, зөөлөн буудайн хувьд 15, улаан буудай болон хөх тарианы холимогийн хувьд 20 болгон тус тус өөрчлөх  зайлшгүй шаардлага гарч ирсэн байна. Тиймээс дээрх тогтоолыг батлах шаардлагатай болж байгаа аж.
Эх орны хөрсөнд ургуулсан улаан буудайгаар гурил үйлдвэрлэн хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилт тавин ажиллаж байгаа хэдий ч зарим аж ахуйн нэгж, иргэд ОХУ-аас хямд үнэтэй улаан буудай импортлох нөхцөл гарч болзошгүй байгаа юм. Иймээс тогтоолын төсөлд хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хадгалах, дэмжих зорилгоор ОХУ-аас орж ирж байгаа улаан буудайн  гаалийн татварын хувь хэмжээг тодорхой хугацаанд 40 хувь байхаар тусгажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш