logo
Түргэн үйлчилгээний цэгүүдэд шалгалт хийв

Түргэн үйлчилгээний цэгүүдэд шалгалт хийв

2016/05/27

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс, дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар хамтран түргэн үйлчилгээний цэгүүдийн ажил эрхлэх зөвшөөрөл, батлагдсан тоо, байршилд хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ.

Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэр, төв зам дагуу байршиж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг хамруулав. Түргэн үйлчилгээний цэгүүд батлагдсан байршилд, загварын дагуу хийсэн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай дээр байршиж байгаа эсэхийг газар дээр нь очиж шалган АСЕМ-ийн уулзалттай холбогдуулан ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлсэнтэй танилцлаа.

Хяналтын арга хэмжээнд нийт 284 түргэн үйлчилгээний цэг хамрагдсан бөгөөд үүнээс 200 түргэн үйлчилгээний цэгийг зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн байршуулсан байсан.

Бусдад түрээсэлсэн, загварын дагуу бариагүй, батлагдаагүй байршилд зөвшөөрөл олгосон, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй дэглэмийг зөрчсөн, орчноо цэвэрлэгдэггүй, хаяг шошгогүй хүнсний бүтээгдэхүүн, тамхи ширхэглэн зардаг зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн юм. Тиймээс дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлд нэг дор олон түргэн үйлчилгээний цэг ажиллуулахгүй байх, явган хүний зам үзэгдэх орчинг хааж, ногоон байгууламж, шугам сүлжээ дээр байршуулсан бол шилжүүлэх, барилга хот байгуулалт, тохижилтын төлөвлөгөөтэй уялдуулах зэрэг зөвлөмжийг өгсөн. Зөвлөмжийн хэрэгжилтэнд холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах хэрэгтэйг үнэлгээний дүгнэлтэнд онцолжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш