logo
Нийслэлийн хэмжээнд мал эмнэлгийн ариутгалын ажил явагдана

Нийслэлийн хэмжээнд мал эмнэлгийн ариутгалын ажил явагдана

2016/05/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/399 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд үхсэн мал, амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг  газрууд  сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авдаг цэгүүд боловсруулах үйлдвэр, цех, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо хадгалах зоорь, мал нядалгааны газар, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэр, мал, амьтны хашаа, хороо, өтөг бууц, гахай шувууны байр,  сангасны талбайн мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 2016 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд  зохион байгуулна. 

Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн арга  хэмжээг бүх нийтийг хамарсан ажил болгон зохион байгуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэхийг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Мал эмнэлэг ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  мал эмнэлэг, үржлийн аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис хуваарилан олгож, ажлын явц үр дүнг нэгтгэн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Мал эмнэлэг үржлийн газарт 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлэхийг нийслэлийн Мал эмнэлгийн газар даалгалаа.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш