logo
Г.Батхүү: “Эйрбас 310” онгоцыг 1 ам.доллараар худалдан авч байлаа

Г.Батхүү: “Эйрбас 310” онгоцыг 1 ам.доллараар худалдан авч байлаа

2016/05/27

-Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 91 жилийн ойн баяр тохиож байна-



Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 91 жилийн ойн тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан Иргэний нисэхийн ерөнхий газарт ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Монголд анх удаа нисэх онгоц газардаж, монголчууд агаарын хөлөгтэй танилцсанаас хойшхи 91 жилийн түүхийг бичилцэж яваа ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл өнөөдрийн энэхүү баярт оролцсон юм.

Баярын арга хэмжээг нээж ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа үг хэлэв. Тэрбээр “Түүхт 90 жилийнхээ ойг ажил бүтээлийн арвин амжилтаар тэмдэглэн өнгөрүүлснээс хойш та бид өнгөрсөн жилийн хугацаанд нисэхийн аюулгүй ажиллагааг сайжруулсан олон ажлыг хийж гүйцэтгээд байна. Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн тоо 2015 онд өмнөх оныхоос дунджаар 4.1 хувь, навигацийн орлого оны эхнээс сар бүр 8 хувиар өсч, 45 улсын 160 гаруй агаарын тээвэрлэгч манай улсын агаарын замаар үйлчлүүлжээ. Агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн хоорондын зайчлал 150 км байсныг шат дараатай бууруулж, 30 км-ийн зайчлалд шилжүүлэн, ажиглалтын удирдлагын зайчлалыг бууруулснаар хөрш улсуудаас манай улсын хилээр агаарын хөлгүүд орж ирэхэд гардаг хүндрэл ариллаа” гэлээ.

Г.Батхүү: Тэнгэр нь үргэлж цэлмэг, буулт нь зөөлөн байх болтугай!

Мөн баярын арга хэмжээнд Зам тээвэр дэд бүтцийн сайдаар 2 удаа сонгогдон ажиллаж  агаарын тээврийн салбарын хөгжилд гар бие оролцож явсан УИХ-ын гишүүн Г.Батхүү урилгаар оролцож үг хэллээ. Тэрбээр “Тээврийн салбарт шийдвэр гаргах түвшинд ажиллаж эхэлсэн 1996 оны үед Монгол Улс 10 гаруй улстай Агаарын харилцааны хэлэлцээртэй, төрийн өмчийн нэг агаарын тээвэрлэгч 4 улсын 5 хот руу олон улсын нислэг гүйцэтгэдэг, агаарын тээврээр 270 мянга гаруй зорчигч тээвэрлэдэг байв. Өнөөдрийн байдлаар 36 улстай Агаарын харилцааны  хэлэлцээртэй, агаарын тээврийн 10 компанитай, 7 улсын 11 хот руу нислэг гүйцэтгэж агаарын тээврээр 1 сая орчим зорчигч тээвэрлэдэг болжээ. Энэ хэдхэн тоо салбарын хөгжлийг тодорхойлох нэгээхэн хэсэг үзүүлэлт болж байна хэмээн онцолж байлаа. Түүнээс дараах тодруулгыг авсан юм.

Г.Батхүү нь 1996 онд яаманд газрын дарга 1999 онд сайдаар томилогдон ажиллаж байсан. Энэ үедээ иргэний нисэхийн салбарт ямар ажлыг эхлүүлж байсан вэ? 

Тухайн үед иргэний нисэхийн салбарын эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийг боловсруулан батлуулах, багц дүрмүүдийгбатлах, Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүдийг байгуулах, үндэсний агаарын тээвэрлэгчийн агаарын хөлгийн паркийг шинэчлэх, өмчийн олон хэлбэрийг тус салбарт оруулж үйлчилгээний хүрээг тэлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх зэрэгт онцгой анхаарч ажиллаж байлаа.

Монголын иргэний агаарн тээвэр нь өөрийн онцгоцтой болох боломжийг нээж өгсөн сайд таныг гэж тус салбарынхан өнөөдөр ч хүндэтгэн хүлээн авдаг. Энэ талаараа тодруулж өгнө үү?

Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын 16 хэлэлцээрийг байгуулахад бичлэн оролцож гарын үсэг зурсан. МИАТ компанид “Эйрбас 310” онгоцыг 10 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр авч, түрээс дууссаны дараа 1 ам.доллараар худалдан авч байсан. Өнөөдөр МИАТ нь олон улсад тээвэр хийж байгаагийн нэг хөшүүрг нь тухайн үеийн онгоцтой болсон алхам гэж салбарынхан үздэг юм.

Буян-Ухаа олон улсын нисэх буудлын нэрийг өөрчлөх ажлыг мөн л эхлүүлсэн гэдэг юм билээ. Өвөрмонголчуудаас урьтаж асуудлыг шийдсэн гэж дуулсан?

Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудлыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал болгон нэрийг нь өөрчлөх асуудлыг шийдвэрлүүлж байсныг эргэн дурсахад таатай байна.

Удахгүй болох АСЕМ-ын өндөр дээд хэмжээний уулзалтад оролцох 40 гаруй орны төр засгийн тэргүүнүүд, төлөөлөгчдөд хамгийн түрүүнд үйлчлэх хүмүүс Чингис хаан олон улсын нисэх буудлынхан. Их эзэн хааныхаа нэрээр гадна дотны зочдыг угтан авдаг болсон.  Өөдлөх айл үүднээсээ гэж үг бий. Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөх хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийн нэр төртэйгээр биелүүлж яваа Иргэний нисэхийн салбарынхандаа баярын мэнд хүргэмээр байна. Та бүхний тэнгэр нь үргэлж цэлмэг, буулт нь зөөлөн байх болтугай”  гэж ерөөе.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш