logo
Цөмийн энергийн газрын орлогчоор “туг тахив”

Цөмийн энергийн газрын орлогчоор “туг тахив”

2011/10/20
Цөмийн энергийн газрын орлогч дарга Ц.Дамдинсүрэн, “Мон Атом” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Р.Бадамдамдин нарт хариуцлага тооцохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Цөмийн энергийн газар 2006 онд байгуулагдсанаас хойш тодорхой ажил эхлүүлсэн боловч хэрэгжилт нь удаашралтай, цөмийн энергийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь дээрх байгууллагуудын удирдлагатай холбоотой гэж үзэн ийм арга хэмжээ авахаар болсон байна. Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нь БНСУ-д удаан хугацаагаар эмчлүүлж байгаа энэ үед орлогч дарга нь хуулийн дагуу бүрэн орлож ажиллах үүрэгтэй. Энэ дагуу Ц.Дамдинсүрэн нь Засгийн газрын хуралдаанд гурван ч удаа асуудал оруулж ирсэн ч хангалттай хариулт өгч чадахгүй, ажлаа мэдэхгүй байгаад  гишүүд шүүмжлэлтэй хандав. Мөн Цөмийн энергийн газар, “Мон Атом” төрийн өмчит үйлдвэрийн газар хоорондын уялдаа холбоо муу, удирдлагууд нь асуудалд өөр өөр байр сууринаас ханддаг нь энэ салбарын ажил урагшаа явахгүй байгаагийн нэг шалтгаан гэж гишүүд үзлээ. Харин яагаад С.Энхбат нь эрүүл саруул ажлаа хийгээд элдэв хэл ам татлаад байхад ийм шийдвэр гаргаагүй талаар нэг ч хүн сөхөхгүйн дээр дэд даргыг нь дөнгөж ажил үүрэгт оролцоод эхлэнгүүт туг тахих аргаар хандаж байгаад гайхах хүн ч гарсангүй.
Э.Гэрэл www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш