Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Улсын төсвийн хөрөнгө оруулалалтаар төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зориулалтаар баригдаж эхэлсэн, дуусаагүй барилгын А блокийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори, Б блокийг Чингэлтэй дүүргийн иргэдийг хэвтэн эмчлүүлэх зориулалтаар өөрчилж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулахаар болов.
Улсын төв нэгдүгээр эмнэлгийн 2016 оны батлагдсан төсвийн сар, улирлын хуваарьт өөрчлөлт оруулах замаар шинээр зохион байгуулагдах салбар амбулаторийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг олгохыг Сангийн сайд Б.Болорт, 2016 он дуусах хүртэл хугацаанд тус эмнэлгийн өөрийн үйл ажиллагааны орлогоор УНТЭ-ийн салбар амбулаторийн барилгын ажлыг дуусгах, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаад даалгав. Мөн УНТЭ-ийн салбарын үйл ажиллагааг 2016 оны 6 дугаар сарын 20-нд багтаан эхлүүлэхтэй холбогдуулан Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн даатгалын сангаас “Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ”-нд зориулан зарцуулахаар УНТЭ-ийн төсөвт тусгасан 2.8 тэрбум төгрөгийг гэрээ байгуулан, шинэчилсэн хуваарь гарган санхүүжүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа.
Дуусаагүй барилгын ажлыг дуусгах, холбогдох санхүүжилтийг шийдвэрлэх Засгийн газрын тогтоол батлагдсанаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдэж, үйл ажиллагаа сайжрах ач холбогдолтой.