Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавих 22 ажлын хэсгийн дарга, ахлагч нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дэлхийд Монгол Улсын нүүр царайг харуулах томоохон уулзалтууд нийслэлд болж байна. Улаанбаатар хот хоггүй, цэвэр цэмцгэр, сайхан хот байх ёстой. Эх оронч хүн байна гэдэг эх орноо хайрлах сэтгэлтэй байхыг хэлдэг. Гэтэл бид хогоо тааралдсан газраа хаядаг муухай сэтгэлгээнээсээ хараахан салж чадахгүй байна. Иргэдийн хог хаягдалд хандах сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй. Тиймээс хариуцсан дүүрэг, хороогоо хогтой байлгасан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно” гэлээ. Мөн Замын хайс хашлагыг засварлах, тэмдэг тэмдэглэгээг хийх, мод тарилтандаа анхаарч ажлын нарийн төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болгов.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байгаа шаардлага хангахгүй, зэвэрч муудсан хайс хашлагыг Замын цагдаагийн газартай зөвшилцөн авах, аль эсвэл засварлан будах шаардлагатай байгааг анхаарууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.