logo
Цэргийнхэн тэтгэмж авна

Цэргийнхэн тэтгэмж авна

2011/10/22
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг өчигдөр хэлэлцэн шийдвэрлэв. Цэргийн албан хаагчийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа нь дүрэм, журмаар зохицуулагддаг, цагийн хязгааргүй цэргийн хөдөлмөр, цэргийн албан хаагч байнгын бэлэн байдалд сэтгэл зүйн хүнд нөхцөлд алба хаах, гадаадад энхийг дэмжих ажиллагаанд оролцон урт хугацаагаар үүрэг гүйцэтгэх болон амь нас, эрүүл мэндийн эрсдэлийн түвшин өндөр байдгийг харгалзан тэтгэврийн эрх зүйн байдал, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын бусад асуудлыг тусгайлан авч үзэн хуулиар зохицуулж ирсэн байна.
Цэргийн хөдөлмөрийн энэхүү онцлог байдлаас шалтгаалан 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-иос доошгүй жил алба хаасан эмэгтэй бол нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож байна. 1995 оноос өмнө цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгосон иргэнд 1 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон ба 4992 цэргийн албан хаагч хамрагдаж 4,992 тэрбум төгрөг зарцуулсан байна. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан хуулийн төсөлд, цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох, мөн цэргийн албан хаагч орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор заажээ. Харин 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагчдад 19.1,19.2 дахь хэсэг адил үйлчилнэ гэсэн 19,8 дахь хэсэг шинээр нэмж тусгахаар оруулсан байна. 2000 оноос өмнө цэргийн тэтгэврээ тогтоолгосон 5165 иргэнд энэ заалт хамаарахгүй байгаад харамсаж буй талаар цэргийн тэтгэвэрт гарсан иргэдээс төр захиргааны холбогдох байгууллагуудад удаа дараа гомдол гаргаж байсан боловч шийдэгдэхгүй явсаар өдийг хүрчээ. Улсын хэмжээнд жилд 17000, сард 1510, хоногт 47-48, цагт 2 тэтгэвэр авагч нас эцэслэж байна гэсэн статистик тоо баримт бий. Түүний дотроос цэргийн тэтгэвэр тэтгэмж авагч иргэдийн нийт тоо 14009 байгаа нь жил, сар тутамд хэдэн цэргийн тэтгэвэр, тэтгэмж авагч төр засгийн шийдвэрийг найдан хүлээсээр хорвоог орхиж байгаа нь ойлгомжтой юм. Энэ хуулийн төсөл батлагдсанаар 2000 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон одоо амьд сэрүүн байгаа цэргийн албан хаагчид нэгудаагийн тэтгэмж олгогдож тэтгэврийн ялгаа арилана гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангаас цэргийн албан хаагчийн дундаж тэтгэврийг 174478 төгрөг гэж тооцвол 16 221 216 600 төгрөг нэг удаа гаргах шаардлагатай байгаа аж. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд, энэхүү хуулийн төсөл нь цэргийн алба хаасан иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх бус нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгох асуудлыг ярьж байгаагаараа онцлог болохыг хэлж байлаа. Мөн гишүүд салбар, салбарын тэтгэвэр авагчдын зөрүү, ялгааг хөндөж, энэ асуудлыг нэг мөр болгон цэгцлэх цаг нь болсон гэлээ. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг байнга тавьдаг. Улсын хэмжээнд 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 94 мянган иргэн байна. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэвэрийг төр хариуцна гэсэн хуультай. Иймд тэдгээр хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгах үүрэгтэй.Тэтгэвэр нэмэгдэх тусам зөрүү нэмэгдэж байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж байна, боловсруулж байна гэсээр байгаад дөрвөн жил боллоо. Улс орныхоо бүтээн байгуулалтад хийдгээ хийсэн ахмадуудын асуудлыг шийдэх цаг нь болсон гэдгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэв. НХХ-ийн дэд сайд Г.Нямхүү, тэтгэвэр, тэтгэмжийн шийдвэрлэвэл зохих олон асуудал бий.
Эдгээр асуудлуудыг нэгтгээд ойрын хугацаанд НББСШУБ-нд оруулах нь зүйтэй гэсэн гишүүдийн саналыг дэмжиж байна гэв. Ингээд гишүүд уг асуудлаар Байнгын хорооноос ажлын хэсэг гарган, өөрсдөөсөө эхлэн санаачилгатай ажиллахаар тогтож, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
ГЭнх
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш