logo
Эрчим хүчний тухай хуулийн төсөл шүүмжлэл дагуулав

Эрчим хүчний тухай хуулийн төсөл шүүмжлэл дагуулав

2011/10/22
УИХ-ын нэгдсэн чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуралдааны эхэнд Эрчим хүчний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад 58,1 хувиар гишүүд хэлэлцэхийг дэмжсэн юм. УИХ-ын дэд дарга Г.Батхүү дэлхийн бусад орны жишгээр Зохицуулах зөвлөл энэ салбарт байгуулагдсан. Гэтэл журмаараа зохих үүргээ биелүүлээд явсан газрыг алга болгох бодлогыг Засгийн газар оруулж ирж байна. Дэлхийн жишиг, зөв концепцээс ухарсан ийм бодлогыг хүлээж авмааргүй байна. УИХ-ын даргад хандаж хэлэхэд дэгээ баримаар байна. Энэ яамны сайд нь байх ёстой. Яагаад дэд сайд нь хариулт өгөөд байгаа юм. Дэгээ баримтлахгүй бол АН-ын бүлэг энэ асуудалд завсарлага авна гэлээ. Д.Зоригт сайдыг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, сайдыгаа НҮБ-ын шугамаар зохиогдож буй маш чухал хуралд оролцож буйг дуулгалаа. УИХ-ын гишүүн А.Тлейхан Зохицуулах газрыг Зохицуулагчдын Зөвлөл болгосноор чухам ямар онцгой өөрчлөлт гарахыг тодруулж, эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд ямар гол ажлууд хийхийг лавлав. Гэвч А.Тлейхан гишүүн хариултаа бүрэн аваагүй бөгөөд та нар хэдэн цахилгаан станц барих гээд зөвшөөрөл хайгаад яваад байна вэ гэдгийг тодруулсан юм. Харин ЭБЭХ-ний дэд сайд Энхтайван, Таван толгой, Оюутолгой дээр цахилгаан станц барих тухай асуудал ажлын хэсэг дээр тусдаа яригдсан юм билээ, сайн мэдэхгүй байна гэж хариулсан. Ц.Цэнгэл гишүүн, энэ хуулийн төсөл чинь өмнөхөөсөө дордоод ороод ирсэн байна. Г.Батхүү гишүүний хэлдэг үнэн. Засгийн газраас хараат бусаар үнэ тариф зохицуулахаар болж, нэлээд олон даваа давж байж гаргасан хууль. Гэтэл энийг улам сайжруулах байтал үл ойлгогдох олон юм гарч ирж байна. Хуулиа чамбай болгох тал дээр Эрчим хүчний салбарынхан сайн ажиллах хэрэгтэй. Зохицуулалтын хувьд арай томхон байж л Засгийн газраас хараат бус байх ёстой гэв. Гэтэл дэд сайд Энхтайван, нэрний тухай асуудал байгаа болохоос эрх мэдэл, бусад зүйл хэвээр л байгаа. Гишүүд та нар хуулиа сайн унш л даа гэж зөвлөв. Ч.Хүрэлбаатар дарга, харин ч эрчим хүчний үнийг зохицуулахад төр, засаг оролцохгүй байхын тулд л уг хуулийг өөрчлөн найруулж байгаа юм гэсэн байр сууриа хэлээд, эрчим хүчний үнийг индексжүүлэх нь чухал байна гэж ярилаа. УИХ-ын дэд дарга Г.Батхүү, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг танхимд орж ирэхэд дахин асуулт тавив. Тэрээр дэлхийн 120 гаруй улс орон хэрэглэдэг, дэвшилттэй хэлбэрээр хийсэн хуучин хуулийн төсөл нь яагаад болохгүй байна вэ, зохицуулах зөвлөлийг өөрчлөх гээд байгаагийн цаад шалтгааныг тайлбарлаж өгнө үү гэв. Харин Д.Зоригт сайд хуулийг улам боловсронгуй болгох, зах зээлд зохицуулж ажиллах нь чухал байгааг хэлээд үйлдвэрлэгчид, хэрэглэгчдийн төлөөлөл Зохи­цуулах зөвлөлд орж ирнэ. 5 хүний төлөөлөлтэй болж, улам ардчилалтай шийд гаргах болно гэх зэргээр ярилаа. Ингэснээр аймаг хоорондын эрчим хүчний үнийн болон үйлчилгээний тарифын ялгаа арилна гэсэн юм. УИХ-ын гишүүн З.Энхболд, одоо л нэг юм хэрэглэгчид болон Зохицуулах зөвлөл учраа олоод явж байтал хуулийг өөрчлөх гээд оруулаад ирлээ. Энэ хэлэлцэх ёсгүй хуулийг зогсоох саналтай байна байна. Хэрэв хуулийг өөрчлөх юм бол нөгөө 5 дугаар цахилгаан станц баригдахгүй, цаашлаад хөрөнгө оруулалтын асуудал ч гарч ирнэ гэж ярилаа. Г.Энх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш