Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас төрийн албанд ажиллагсдын мэргэжлийн дипломд шалгалт хийж үзэхэд 54 иргэний 56 диплом зөрчилтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр 54 иргэн их, дээд сургууль төгсөөгүй атлаа хуурамч диплом ашиглан төрийн албанд ажилд орсон бол хоёр нь хуурамч хоёр дипломтай байсан нь шалгалтаар илэрсэн байна. Энэ асуудлыг Төрийн албаны зөвлөл хэлэлцлээ. Хуурамч дипломтай иргэдийн хувьд МУИС, ШУТИС, УБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль гэх мэтчилэн хамгийн нэр хүндтэй сургуулиудын дипломтай байжээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа байгууллагуудад 24 иргэн хуурамч дипломоор ажилд орсон байсан бол Улсын бүртгэлийн ерөнхий газарт долоон хүн байсан гэнэ. Тэр ч байтугай Сангийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, ЭМЯ, Гадаадын иргэд харьяатын алба эрхлэх газар, Хил хамгаалах ерөнхий газар, ХЗДХЯ, Ашигт малтмалын газар, Авто замын газар, Архивын ерөнхий газар, Биеийн тамир спортын газар, Усны газар, Ойн газар гээд хамгийн чухал газруудад хуурамч диплом ашиглан ажилд орсон байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтны хэлснээр бол тус газарт хүмүүсийг ажилд оруулах шахаа их байдаг ч хэр чадлаараа “тэмцдэг” гэнэ. Тус газрын харьяа байгууллагуудын доод тушаалын ажилтны цалин төрийн албаны дунд шатны албан тушаалтны цалинтай дүйдэг нь амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд иргэд хуурамч диплом худалдаж аваад ч болов орж ажиллахыг эрмэлзэхэд хүргэдэг бололтой. Гэхдээ 24 хүн хуурамч дипломтай байгаагүй 14 байсан гэж мэдэгдэж тус газрын албаны хүн хэлж байна. Харин Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүү санхүү, нягтлан бодогчийн дипломыг хуурамчаар үйлдэн ажилд орсон тохиолдол элбэг байгааг хэлж байлаа. Мөн их, дээд сургуулиуд мөнгөний хойноос хэт улайрч, суралцаагүй хүнд дөрвөн жилийнх нь суралцсан сургалтын төлбөрөөр тооцож мөнгө аваад диплом гаргаж өгч байгаа нь нэг талаар төрийн албанд хуурамч дипломтай этгээдүүд орж ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгч байгаа ажээ. Анхаарал татсан бас нэг асуудал нь Төрийн албаны зөвлөлөөс авч байгаа шалгалт зөөлдөж байна гэх дүгнэлт юм. Учир нь их, дээд сургууль төгсөөгүй хэрнээ Төрийн албанаас авч байгаа шалгалтад тэнцээд Сангийн яам, Эрүүл мэндийн яам гэх мэт томоохон бодлого боловсруулдаг газрууд руу шургаад орчихож байгаад дүгнэлт хийж, шалгалтын босгыг өндөрсгөхгүй бол Төрийн албаны шалгалт хуурамч дипломтнуудын хувьд шалгуур болохгүй байгааг онцлон хэллээ. Авлигатай тэмцэх газрын хувьд хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байсан этгээдүүдтэй холбогдох 12 хэргийг шалгажээ. Эдгээрээс тавд нь Эрүүгийн хэрэг үүсгэн, зургаан хүнд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, хоёрыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Харин Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 12 хэргийг нягтлан шалгахад нэг хүнийх нь өөрийнх нь жинхэнэ диплом байсан. Харин тавд Эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Бусад зургаа хүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтан танилцууллаа. Ш.Чимэг