logo
“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

2016/06/23
Гэр хороололд амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцтэй хороолол болгон хөгжүүлэх “Сайн хашаа” хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлэхээр болсон.

Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр таван жилийн хугацаатай, 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгохоор тогтоогоод байсан ч  хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад иргэд барьцаа хөрөнгө болох газрынхаа гэрчилгээг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардад зээлийн барьцаанд тавьсан асуудал цөөнгүй гарсан учраас нэг зээлдэгчид 15 сая хүртэлх болгож журмандаа өөрчлөлт оруулсан юм. Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа 69 мянга 200 өрхөд чиглэсэн бодлого явуулж эхлээд байна. Харин дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжинэ.

Сайн хашаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэйгээр холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр  Ажлын хэсэг байгулуах тухай А/507 дугаартай захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байна  Тус ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ахлах юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Орон сууцны корпораци, Гэр хорооллын хөгжлийн газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд болон Сангийн яам, Төрийн банкны төлөөллүүд багтжээ.

Тус захирамжид “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг тухай бүр шуурхай зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Ажлын хэсгийн дарга С.Очирбатад  үүрэг болгожээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш