logo
УИХ-ын дэд дарга М.Энхболд саналаа өглөө

УИХ-ын дэд дарга М.Энхболд саналаа өглөө

2016/06/29

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 29-ний 07.00 цагт орон даяар эхэлсэн билээ. Тэгвэл Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд нийслэлийн 23 дугаар сургуулийн байранд саналаа өгсөн юм.

Энэ үеэр тэрбээр ард иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, сонголт нь мэргэн байхыг хүсэн ерөөлөө. М.Энхболд “Юуны өмнө Монгол түмнийхээ иргэд сонгогчдынхоо энэ өдрийн амар амгалан айлтгая. Монгол оронд дэлгэр сайхан зун болж, өнөөдөр хур бороотой сайхан өдөр болж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Монгол Улсын иргэн бүр төрийн эрхийг барих эрхээ эдлэх өдөр өнөөдөр. Энэ өдөр 1460 хоногт иргэд бид бүхэнд олддог нэг л өдөр. Тийм учраас төрийн эрхийг барих эрхээ эдлэхдээ сонгуульдаа идэвхтэй оролцож, эрхээ эдлэх хэрэгтэй шүү. Бас тодорхой хэмжээний үүрэг бий. Тиймээс нийт сонгогчдодоо сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалъя. Хоёрдугаарт СЕХ-ноос санал авах байр хүртэлх 20 гаруй мянган төрийн алба хаагч, хэв журам сахиулж байгаа цагдаа, онцгой байдлын байгууллагын албадууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Төр засгаа эмхлэн байгуулах энэ ажлыг ном дүрмийнх нь дагуу явуулж байгаа төрийн албан хаагчдад амжилт хүсье. Сая би биеийн тамирын зааланд орж саналаа өгөөд зогсч байхад нэг зүйл бодогдож байлаа. Өнөөдрөөс яг 14 жилийн өмнө 1992 оны зургаадугаар сарын 28-ны өдөр энэ зааланд Хэсгийн хорооны даргаар ажиллаж байжээ. Би Улаанбаатар хотын ахуй үйлчилгээний дарга байж, миний амьдран сууж байгаа Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд хамгийн залуу албан тушаалтай дарга нь би байсан юм шиг байгаа юм.

Тэгээд намайг Хэсгийн хорооны даргаар томилж, 23 дугаар сургууль дээр сар гаруй ажиллуулж байсан. Манай хэсгийн хороонд АН-ын төлөөлөл, хүний их эмч Анхмаа гэж эмэгтэй ажиллаж байлаа. Ийнхүү төрийн их ажлыг эмхэлж, нэг удаагийн сонгуулийг зохион байгуулж байсан үе минь бодогдлоо. Тийм учраас сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүмүүс эв найртай, хэв журамтай, журмаа сайн мөрдөж ажиллах нь чухал юм. Төрийн сонгууль түвшин сайхан болж, түмэн олны оролцоо идэвхтэй өргөн байгаасай гэж хүсэн ерөөе” гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш