Дэлхийн Ой тогтоолтын аваргуудын дундах 3 дахь удаагийн халз тулаан Америкийн Сан Диего хотод 2016 оны 6 дугаар сарын 24-26-ны хооронд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд АНУ, Англи, Герман зэрэг дэлхийн хамгийн өндөр чансаатай 24 тамирчин оролцсоноос Монгол Улсын 4 шилдэг тамирчин, дасгалжуулагч багш Баасандоржийн хамт оролцоод өчигдөр эх орондоо ирлээ.
Энэ тэмцээнд Дэлхийн чансааны номер 1 Жонс Маллов/Герман/, номер 2 Борис Конрад/Герман/, номер 3 Симон Рейнхард/Герман/, номер 4 Алекс Мюллэн/Америк/ нар оролцсон ширүүн тулаан болжээ.
Хамгийн их шуугиан тарьсан ирээдүйтэй тамирчнаар 2015 оны Дэлхийн өсвөрийн аварга, дэлхийн 5 рекордыг эзэмшигч Эрдэнэсайханы Пүрэвжав тодорчээ. Учир нь тэр шилдэг 16-т Дэлхийн чансааны номер 2, 2016 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, Германы тамирчин Борис Конрадыг 4:1-р буулган авч, шилдэг 8-т Дэлхийн чансааны номер 4, Америкийн тамирчин Алекс Мюллэнийг 4:3-р, шилдэг 4-т Дэлхийн чансааны номер 1, 2016 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, Германы тамирчин Жонс Малловыг 4:0-р ялан дэлхийн өндөр чансаатай тамирчдыг ээлж дараалан буулган авч ой тогтоолтын бүх мэргэжилтнүүдийг алмайрууллаа.
Ийнхүү Э.Пүрэвжав хүү дэлхийн чансааны эхний 4-т жагсдаг тамирчидтай бүгдтэй нь хүч сорьсноос Германы тамирчин, Дэлхийн чансааны 3-т жагсдаг Симон Рейнхардтай аваргын төлөө өрсөлдөн хэлний мэдлэг дутагдсанаас болж ялагдлан 2 дугаар байрт шалгарлаа хэмээн Дэлхийн мэргэжилтнүүд үнэлж байна.
С.Энэрлэн
Breakingnews.mn