Төрийн байгуулалтын байнгын хороны хуралдаан өчигдөр орой 18 цаг 55 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэв. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа даргалж, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж байнгын хорооны даргад нэр дэвшигчийн талаар танилцуулга хийлээ.
Тэрбээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад 2000 оноос хойш Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр ажиллаж ирсэн туршлагатай парламентч Н.Энхболдыг нэр дэвшүүлж буйг танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан саналаа хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.