logo
Л.Энх-Амгаланг байнгын хорооны даргаар сонгох санал дэмжигдлээ

Л.Энх-Амгаланг байнгын хорооны даргаар сонгох санал дэмжигдлээ

2016/07/22

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өчигдөр орой 19 цаг 02 минутад гишүүдийн 68.4 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалав. Хуралдаанаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны даргад нэр дэвшиж буй Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн талаархи танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, О.Баасанхүү нар нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Н.Учрал нар үг хэлсэн юм. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаас байнгын хороо ажлаа эхлэх хэрэгтэйг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа байнгын хорооноос гарч байгаа шийдвэр бүхэн айл өрх бүрт чиглэх ёстой. Энэ бол хамгийн их ачаалалтай ажиллах байнгын хороо. Иймд зөв менежменттэй ажиллах нь чухал гэлээ. Мөн гишүүдийн зүгээс өнгөрсөн дөрвөн жилд тус байнгын хороонд ажиллаж, нийгмийн салбарын чухал хууль, тогтоомж, баримт бичгүүдийг батлуулахад идэвх, санаачлагатай ажилласан туршлагатай, чадамжтай, мэргэшсэн боловсон хүчин байнгын хорооны даргад нэр дэвшиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсч байв.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа тус байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш